Шведийн Засгийн газар гадаадын мэдээллийн нөлөөлөл, худал мэдээлэл, гибрид аюулаас нийгмийн итгэлцэл, эв нэгдэл, иргэдийн эх орноо хамгаалах хүсэл зоригийг хамгаалах зорилготой Сэтгэлзүйн хамгаалалтын үндэсний стратегиа баталлаа. Энэ нь тус улсын сэтгэлзүйн хамгаалалтыг төр, зэвсэгт хүчин, хэвлэл мэдээлэл, хувийн хэвшил, иргэний нийгэм, иргэдийн оролцоотойгоор бүхэлд нь зохион байгуулах анхны үндэсний стратеги юм.
Стратегид гадаадын этгээдүүд сошиал сүлжээ, хиймэл оюун ухаан болон мэдээллийн бусад сувгийг ашиглан нийгэмд үл итгэлцэл, талцал бий болгох, иргэдийн үзэл бодол, шийдвэр гаргалтад нөлөөлөх эрсдэл нэмэгдэж байгааг онцолжээ. Үүний эсрэг мэдээллийн манипуляцийг илрүүлэх, иргэдийн мэдээлэл таних чадварыг нэмэгдүүлэх, хямралын үед найдвартай мэдээллийн урсгалыг хадгалах, НАТО болон Европын холбоотой хамтын ажиллагааг өргөжүүлэхээр төлөвлөсөн байна.
Шведийн Засгийн газар сэтгэлзүйн хамгаалалтыг зөвхөн худал мэдээлэлтэй тэмцэх асуудал бус, үндэсний батлан хамгаалах тогтолцооны нэг хэсэг гэж үзэж байна. Тус улсын Сэтгэлзүйн хамгаалалтын агентлаг нь гадаадын мэдээллийн нөлөөллийг илрүүлэх, шинжлэх, төрийн байгууллагуудын ажиллагааг уялдуулах гол үүргийг гүйцэтгэх бөгөөд 2030 он гэхэд сэтгэлзүйн хамгаалалтыг нийт хамгаалалтын тогтолцоонд бүрэн нэгтгэх зорилт тавьжээ





