Нүүр хуудасМэдээ“Аюулгүй байдал–иргэдийн оролцоо” хөтөлбөр орон нутгийн цуврал сургалтаа Хэнтий аймгийн Чингис хотоос...

“Аюулгүй байдал–иргэдийн оролцоо” хөтөлбөр орон нутгийн цуврал сургалтаа Хэнтий аймгийн Чингис хотоос эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Үндэсний тагнуулын их сургуулийн хэрэгжүүлж буй “Аюулгүй байдал–иргэдийн оролцоо” хөтөлбөр орон нутгийн цуврал сургалтаа Хэнтий аймгийн Чингис хотоос амжилттай эхлүүллээ. “Когнитив аюулгүй байдал — үндэсний аюулгүй байдлын шинэ талбар” сэдэвт энэхүү сургалт, лекц нь орон нутгийн төрийн албан хаагчдад зориулагдсан гэдгээрээ онцлог боллоо.

Сургалтаар үндэсний аюулгүй байдлын орчин үеийн ойлголт, дотоод болон гадаад эрсдэл, худал мэдээллийн хор уршиг, нийгмийн сүлжээний алгоритмын нөлөө, когнитив дайны эрсдэлийн талаар нэгдсэн ойлголт өгч, төрийн албан хаагчдын өдөр тутмын ажилд аюулгүй байдлын мэдрэмжтэй, хариуцлагатай хандах хандлагыг төлөвшүүлэхийг зорив.

Хөтөлбөрийн зохицуулагч Б.Нармандах “Аюулгүй байдал–иргэдийн оролцоо” хөтөлбөрийн үндэслэл, зорилго, хэрэгжүүлэх чиглэл болон төрийн албан хаагчдын оролцооны ач холбогдлыг танилцуулсан юм.

Үүний дараагаар хөтөлбөрийн зөвлөх, аюулгүй байдал судлаач С.Тамир үндэсний аюулгүй байдлын үндсэн ойлголт, улс орны өмнө тулгарч буй дотоод, гадаад эрсдэлийн талаар мэдээлэл хүргэсэн бол хөтөлбөрийн багийн ахлагч, аюулгүй байдал судлаач Ц.Мөнхжин худал болон ташаа мэдээллийн хор уршиг, нийгмийн сүлжээний нөлөөлөл, сошиал медиа алгоритмын ажиллах зарчмыг бодит жишээнд тулгуурлан тайлбарлав.

Тэрбээр мэдээллийн нөлөөллийн зорилго нь хүмүүсийг зөвхөн нэг худал зүйлд итгүүлэх бус, үнэн худлыг ялгах чадварыг нь сулруулж, төрийн институц, хэвлэл мэдээлэл, шинжлэх ухаан болон нийгмийн үнэт зүйлд итгэх итгэлийг алдагдуулахад чиглэж болдгийг онцоллоо. Иймд мэдээллийг түгээхээсээ өмнө эх сурвалж, баримт нотолгоог шалгаж, сэтгэл хөдлөлд хөтлөгдөн шийдвэр гаргахаас зайлсхийх шаардлагатайг тэмдэглэв.

Зочин илтгэгч Г.Занданшатарын хувьд “Когнитив дайн ба Нэгдмэл Монгол” сэдвээр лекц уншиж, хувьсан өөрчлөгдөж буй геополитикийн нөхцөл байдал, технологи, хиймэл оюун ухааны эрин дэх мэдээллийн нөлөөлөл, нийгмийн талцлын эрсдэлийн талаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр үндэсний эв нэгдэл, иргэдийн шүүлтүүртэй сэтгэлгээ, нийгмийн харилцан итгэлцэл нь когнитив нөлөөллийг даван туулах чухал дархлаа болохыг онцолж байлаа.

Мөн Хөдөлмөрийн баатар, Даяар дуурсагдах далай даян дархан аварга Б.Бат-Эрдэнэ оролцогчидтой санал бодлоо хуваалцаж, аюулгүй, амар тайван нийгмийн үндэс нь зөв харилцаа, хариуцлагатай хандлага, боловсрол, соёл болохыг тэмдэглэлээ. Тэрбээр иргэн бүр эрхээ шаардахын зэрэгцээ үүргээ ухамсарлан биелүүлэх нь нийгмийн эв нэгдэл, харилцан итгэлцлийг бэхжүүлэх ач холбогдолтойг онцолсон юм.

Хөтөлбөрийн удирдагч, Үндэсний тагнуулын их сургуулийн ректор, хурандаа С.Жанхор сургалт, лекцийн гол агуулгыг нэгтгэн дүгнэж, үндэсний аюулгүй байдал нь зөвхөн тусгай чиг үүргийн байгууллагын асуудал бус, төрийн албан хаагч болон иргэн бүрийн ухамсар, хариуцлагатай оролцоотой шууд холбоотойг тэмдэглэв.

Сургалт асуулт, хариулт, нээлттэй хэлэлцүүлгээр үргэлжилж, оролцогчид мэдээллийн орчин дахь төрийн албан хаагчдын хариуцлага, иргэдийн оролцоо, төр, иргэний харилцан итгэлцлийг бэхжүүлэх асуудлаар санал солилцлоо.

Ийнхүү “Аюулгүй байдал–иргэдийн оролцоо” үндэсний хөтөлбөр эзэн Чингис хааны өлгий, наран ургах Хэнтий нутгаас орон нутгийн цуврал сургалтаа амжилттай эхлүүллээ. Цаашид үндэсний аюулгүй байдлын талаарх зөв ойлголт, мэдээллийн дархлаа, иргэн бүрийн ухамсартай, хариуцлагатай оролцоог бэхжүүлэх сургалтыг улс орон даяар үе шаттайгаар үргэлжлүүлнэ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН