Монгол хүүхдийн унших чадвар, эх хэлний боловсролыг хөгжүүлэх асуудлаар боловсрол, шинжлэх ухаан, хэл шинжлэл, уран зохиолын салбарын төлөөлөлтэй уулзаж, цаашид хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний талаар санал солилцлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан “Эх хэл-Нэг Монгол” уриатай Монгол хэлний багш нарын улсын анхдугаар зөвлөгөөнөөс гарсан санал, зөвлөмжийг бодлогын түвшинд ажил хэрэг болгох, эх хэл, бичиг үсгийн боловсролын хөгжлийн дараагийн зорилтыг тодорхойлох нь уулзалтын гол зорилго байв.
Хүүхэд эх хэлээрээ уншиж ойлгох, бодож эргэцүүлэх, үзэл бодлоо илэрхийлэх, бүтээлчээр бичиж найруулах чадвар эзэмших нь зөвхөн монгол хэлний хичээлийн үр дүн биш, боловсролын чанар, суралцах чадварын үндэс юм. Тиймээс сургуулийн өмнөх боловсролоос бүрэн дунд боловсрол хүртэлх унших чадварын хөгжлийг нэгдсэн бодлого, арга зүй, үнэлгээний тогтолцоогоор дэмжих шаардлагатай байна.
Энэ хүрээнд олон улсын сайн туршлага болон Монгол хэлний онцлогт тулгуурлан суралцагчийн нас, хөгжлийн түвшинд нийцсэн “Унших чадварын үндэсний хүрээ” боловсруулах, эх хэл, бичиг үсгийн боловсролыг хөгжүүлэх үндэсний бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэх асуудлаар санал солилцлоо.
Мөн эх хэл, бичиг үсгийн боловсролын асуудлыг шинжлэх ухааны судалгаа, хэл шинжлэл, сургалтын хөтөлбөр, багшийн хөгжил, хүүхдийн унших соёлтой уялдуулан хөгжүүлэх, байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр ярилцлаа.
Уулзалтын үр дүнд хамтарсан ажлын хэсэг байгуулж, эх хэл, бичиг үсгийн боловсролын бодлого, унших чадварыг дэмжих үндэсний хөтөлбөр болон “Унших чадварын үндэсний хүрээ”-ний төслийг боловсруулах ажлыг эхлүүлэхээр болов.
Монгол хүүхэд бүр эх хэлээрээ уншиж ойлгодог, бодож эргэцүүлдэг, мэдлэг бүтээдэг, өөрийгөө чөлөөтэй илэрхийлдэг болох нь бидний хүрэх үр дүн байх ёстой.






