Уулзалтаар Монгол Улсын эрдэмтэн, судлаачид, оюутан залуусыг дэлхийн тэргүүлэх шинжлэх ухааны судалгаа, өндөр энергийн физик, өгөгдлийн шинжилгээ, дэвшилтэт технологийн чиглэлээр олон улсын хамтын ажиллагаанд оролцуулах боломжийн талаар санал солилцлоо.
Профессорууд Монгол Улсын Боловсролын сайдыг CERN-д айлчилж, тус байгууллагын судалгаа, лаборатори, үйл ажиллагаатай танилцахыг урилаа.
Талууд Монголын Физик, технологийн хүрээлэн болон CERN-ийн LHCb хамтын ажиллагааны хүрээнд судлаачдын чадавхыг бэхжүүлэх, залуу эрдэмтэд, оюутнуудад олон улсын судалгаанд оролцох боломж бүрдүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар ярилцлаа.
Боловсролын сайд Л.Энх-Амгалан шинжлэх ухаан, инженерчлэл, математик, технологи буюу ШИМТ-ийн боловсролыг дэмжих, хүүхэд залуусыг шинжлэх ухаан, судалгаа, инновацад илүү идэвхтэй оролцох хүсэл эрмэлзэлтэй болгох нь Монгол Улсын боловсролын салбарын чухал зорилт гэдгийг онцоллоо.
Мөн CERN зэрэг дэлхийн тэргүүлэх шинжлэх ухааны байгууллагуудтай хамтран ажиллах нь Монголын залуу үеийг шинжлэх ухааны ирээдүйтэй холбох чухал гүүр болно гэдгийг тэмдэглэлээ.





