Нүүр хуудасТэмдэглэлГанц охиноо сэтгэлдээ тээн гуйлга гуйж явахдаа хаа нэгтээ амиа алдчихвий "би"...

Ганц охиноо сэтгэлдээ тээн гуйлга гуйж явахдаа хаа нэгтээ амиа алдчихвий “би” гэж халаглаж явдаг аав

Эдийн засаг элгээрээ хэвтсэний хүн жишээ. Булан бүр нь элэгдэж муудсан бор цаасан хайрцгийг өмнөө тавиад бусдаас тав арван төгрөг горилон суух туниа муутайхан хижээл насны эр хүйтэн цемент дээр хөлөө нугалан сууж байх юм. Түмний дунд аниргүйхэн алга хавсран суух түүний өмссөн хувцасны нэг нь ч бүрэн бүтэн биш байлаа. Урагдаж ханзарсан ч, өнгөө алдаж гандсан ч угтаа энэ хүнийг өвлийн хүйтэн жавраас өнөөдрийн давчуу өдөрт өмссөн муу хувцас нь л хүргэсэн гэлтэй. Чимээ гаргахад нь чиглэн очиж буй хүн замаа буруулж алхмаар харц нь тийм хүйтэн харцыг үл ажран яриа өдөхөөр дөхвөл яагаад ч юм намайг уурлаад хөөх юм шиг сэтгэгдэл төрсөн ч хөнгөн алхсаар хажууд нь очиж суулаа.

Хэрэгт дурласан хүн шиг хэсэг ажиглалаа. Миний суусан талын эсрэг талын нүдээрээ хариулт нэхсэн аятай их том харж байна. Хоёр нүднийх нь нэг хардаггүй гэдгийг тэр үед би анзаарав. Хамтдаа гуйлга гуйхаар суугаагүй тул түрүүлж үг унагахаар түүн рүү жоохон ойртоод “Та энд хэзээнээс сууж байгаа юм бэ” Гээд асуучихлаа. Нэг асуухад сонсоогүй бололтой дахин асуухад “Дандаа суудаг” гэж зандрангуй хэлэхэд нь сүрдсэн ч дараагийн асуулт минь бэлэн тул элдвийг шалгааж эхэллээ. Энэ хүн намайг хэн гэдгийг ч мэдэхгүй. Гэсэн ч бодсон шиг минь хөөж туусангүй, харааж зүхсэнгүй.

Толгойгоо хөдөлгөх тоолондоо нөгөө ширүүн харцтай нь нүүр тулж давчидна. Архи ууж амьдрал нь уруудсан үед танихгүй нэг хүн түүний нүдийг сохолсон гэнэ. Хажуудаа тавьсан суга таягаа харуулаад “Машинд бас хөлөө дайруулсан” гэж уцаарлангуй хэллээ. Эмзэглэдэг зүйлээ энэ зэргийн ааштайгаар хэлэх нь зөв шүү дээ гэж дотроо хүлцээд бичиг баримтгүй хаана ч харьяалалгүй хүн болохоос нь өмнөх амьдралынх нь талаар асууж тодрууллаа.

Залуудаа ганданд ажилладаг байсан ба газар дээр ганц охин үртэй, хөдөө өвөө эмээтэйгээ өссөн хүн байж таарлаа. “Ахад нь архи ууж явсан үе бий одоо охиноо бодоод уудаггүй ээ, хэр удаан ингэж явах вэ дээ” гэсэнд нь сая нэг санаа амрав. Хайрцаг тавьж суугаад хангалттай мөнгө олдоггүй ч согтуу биш болохоор хүмүүс муухай харьцдаггүй гэдгийг ч хэллээ. “Барилгын ажил ч болтугай хиймээр байдаг ч хөл муутай, сохор намайг хэн ч ажилд авахгүй. Хөдөө өвөө эмээ дээрээ очъё гэтэл саяхан нас барцгаасан тийшээ хэний, юуны төлөө гэж явах юм” гэж хэлэхдээ үгнийхээ цаадах гунигийг зарим үгстэйгээ залгичих шиг болоод хэсэг нам гүм болцгоолоо.

“Та өдөр болгон эндээ ингээд л суугаад байх уу, цаашдаа ер нь тэгье ингэе гэж бодож санасан юм байна уу” гэхэд “Энд тэнд үхчих вий л гэж санаа зовдог. Охинтойгоо саяхан уулзсан тэр маань нөхөр, хүүхэдтэй. Охины нөхөр аав нь гэж хүн байдаг гэдгийг мэдэхээс ингээд гудамжинд гуйлга гуйгаад суудаг хүн гэж мэдэхгүй. Охиндоо ч гэсэн миний тухай битгий хэл гэж захидаг юм. Аав чинь архичин, гудамжны гуйлгачин гэж охиныг минь адалбал яана гэж бодож санаа зовж байснаас амьд гэдэг нь мэдэгддэг ч хэн гэдэг нь мэдэгдэхгүй байсан дээр” гэсээн хэдхэн өгүүлбэрээр бидний яриа өндөрлөлөө.

Хоёрын хоёр эд эрхтнээ гэмтээсэн ч амьдрахын тулд ажиллахыг боддог ч тэр нь мөрөөдөл шахуу болж, элэгдсэн хайрцаганд 10, 20 төгрөг цуглуулж суух энэ л зураглал бидний хотод газар авсан байх нь даанч харамсалтай. Хүний өмнөөс амьдарч байгаа юу гэж хатуухан үг чулуудмаар байвч ажлыг тэд голохгүй ажлын шаардлагад нь гологддог гэдгийг энэ л жишээнээс мэдлээ. Ядруухан хэдэн иргэд зутруухан амьдарч байгаа нь өнөөгийн нийгмийн үнэн төрх. Төрдөө хаягдаж түмэндээ адлагдсан гудамжны нэг хүн сайхан амьдрал гэгчийг төсөөлөлдөө л бүтээж хүний хөлийн газар хийсэж ирсэн хог шиг хаягдаад л үлдэх юм гэж үү дээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН