Нүүр хуудасТэмдэглэлЭрдэнэсийн хажуугаар нүдээ аниад өнгөрсөн юм биш биз. . .

Эрдэнэсийн хажуугаар нүдээ аниад өнгөрсөн юм биш биз. . .

Нар төөнөсөн дулаахан өдөр. Өнөөдөр л яг зуны аагим бүгчим халууныг мэдэрлээ. Хархорингийн гадаа наранд борлосон өвөө эмээ суух нь яг л миний эмээ өвөөг санагдуулна. Энэ хүмүүс содон соргог миний харж ч үзээгүй бараануудыг урдаа өнгө алгалуулан өржээ. Аль болох сүүдэртэй газар бараадчих гээд л үзнэ. Зарим нь шүхэр дэлгээд суучихсан тааваараа тухлаж харагдана. Сүүдэртэй газар олох нь нэг ёсны азын суудал мэт харагдана. Бага үдийн 11 цаг хөл хөдөлгөөн бага байна гэж хэлсэн ч түмэн хүн бужигналдаад л байлаа. Эмээ, өвөө нарын зарж борлуулж буй барааг харахад хуучных боловч эдэлгээ нь хэвийн, хаях цаг нь болоогүй содон сонирхолтой зүйл олонтой. Шив шинэ зүйл харин ховор байх шүү. Дэлгүүрт 100, 200 мянгаар зарагдаж буй зүйлийг эндээс 10, 20 мянгад авах боломжтой. Баяан хөгжим зардаг эгч, дун хясааны цуглуулгаа зардаг өвөө байна. Хуучны хувцас, эд зүйлсийг сорчилж зардаг маш олон хүн энд цуглажээ. Ихэнх нь тэтгэвэрт гарсан, амьжиргаандаа бага ч атугай нэмэр болох гэсэн хүмүүс. Гэртээ шороонд дарагдсан ашиглахгүй эд зүйлсээ энд авчирч зарах хүмүүс ч бий.

Энэ дундаас хар дөрвөлжин спеакер дээр тавьсан цагаан проектор нүдэнд туслаа. Ажвал  том ногоон хаш чулуу ч дөрөв, таван ширхэг харагдана. Ойртоод очиход хар нарны шил зүүсэн хэгжүүн яриатай, сэргэлэн байрын ах байлаа. Саарал подволка, хар бэлтгэлийн өмд, хуруу ил гарсан таавчиг өмссөн 55-60 орчим насны ах. Тэр үүнийгээ “Эрдэнэсийн сан” гээд нэрлэчихсэн. Үнэхээр л нэрэндээ таарсан газар байлаа. Хажуугаар нь өнгөрсөн хүн бүрийн нүдийг энэ л цэгт цуглуулна. Хүмүүст эелдгээр өөрийнхөөрөө маш сайн өөртөө итгэл дүүрэн ярина.  Ахаас ийм содон бараа хаанаас авдгийг асуухад “Солонгосын каргоноос авдаг. Тэнд хямдхан гайгүй бараанууд зөндөө орж ирдэг” гэлээ. Нүд хужирлах, хүн татах маш олон эд зүйлс харагдана. Гарын атганы хэмжээтэй камернууд, жижиг хайрцаг дүүрэн нөүтбүүкний цэнэглэгч, бугуйн цаг, нарны шил зэрэг байхгүй зүйл ховор байлаа. Хуучин хуучин гээд л хямдхан бараа байдаг ч худалдан авагчид нь тийм доод давхаргын хүмүүс биш. Ганган хувцасласан хүмүүс ч ирнэ. Бөөнд нь бараа авах хүмүүс ч байна.

Хүмүүс  бид их буруу ойлголттой явсан мэт. Зүгээр л ажилгүй гудманд байдаг архичидтай адил юм шиг боддог. Гэвч тэд орон гэртэй амьдралаа өөрсдөө болгож яваа хүмүүс. Тиймээс ялгаж буруугаар бус зөвөөр ойлгох хэрэгтэй. Захаар с огтуу хүмүүс олон байдаг тул заримдаа хулгайд бараагаа алдахгүйг хичээн тэмцэх үе ч гардаг гэнэ. Бас заримдаа согтуучуудаас хямдхан бараа авах үе ч гардаг. Яг хаанаас ямар гарал үүсэлтэй нь мэдэгдэхгүй бараа байх ч хэдхэн мянган төгрөгөөр худалдаж авдаг тул энэ нь огтхон ч хамаатай бус. Худалдаа эрхэлж буй энэ хүмүүс ч согтуу хүмүүсээс аль болох холхон, асуудалд орооцолдохгүйг хичээнэ.

Өмнө нь энүүгээр явахдаа огтхон ч сонирхож үзэж байгаагүй билээ. Харин өнөөдөр энд ирээд эрдэнэсийн хажуугаар нүдээ анин өнгөрч явжээ гэдгээ ойлголоо.

К.ЗОЛЗАЯА

#Мандын Оюутан дэмжих хөтөлбөр

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН