Нүүр хуудасТэмдэглэлГуниг минь ч юм шиг намар...

Гуниг минь ч юм шиг намар…

Гуниг минь ч юм шиг намарт би хайртай

Уйтгартай байна. Удахгүй навчис шарлана гэж бодохоор. Уулсын оройд манан суугаад усны шувууд дуулалдаад буцахад яасан гунигтай гээч. Шарлаж гээгдсэн навчсын дэргэдүүр алхаж явахад шархирах чимээ нь хүртэл цаанаа л нэг уйтгартай.

Бодол шиг хөл доор хөглөрч бороо шивэрсэн намрын өдрүүд ирж л явна. Илчгүйхэн ээх нарны гэрэлд ээнэгшиж алгуурлан шарлаж байгаа моддын чимээг сонсох гунигтай. Гэхдээ л сайхан.

Намар гунигтай бас дурсамжтай. Хөндүүрхэн зүрхний минь утсыг хөндөж л ирдэг намар чиний өдрүүдэд би дуртай. Намрын өдрүүд шиг налгар тайван амар амгалан өдрүүд хаварт байхгүй.

Найраг шиг дуу шиг яруухан намар хүмүүсийн сэтгэлийг хөглөж нандин тэр л сэтгэлийнх нь утсыг минийх шиг хөнддөг болов уу.

Намрын орой шиг гэгэлгэн сэтгэл хөдөлгөсөн үдэш өвөлд байдаггүй.

Намрын бороо шиг уянгатай зөөлөн борооны дусал зун шивэрдэггүй.

Сэтгэлдээ тээж яваа дэндүү нандин бүхнээ хүмүүс гаргаж сэтгэл хөдлөл шиг намрыг үзээд гунидаг болов уу. Зүрхний чанадад орших миний хөнгөн цагаахан гуниг намар.

Намар миний гуниг минь ч юм шиг.

Надад үлдсэн баяр баясгалан минь ч юм шиг.

Хамгийн нандин дурсамж минь ч юм шиг. Холдож сүрэг нь буцаж байхад хоргодоод хоёулаа үлдсэн тогоруу, хагдарч ногоо шарлаж байхад хараа булааж ургасан жимс, сэвэлзүүр зөөлөн салхи, нар ээсэн налгар өдөр. Намар яасан баян. Тэнгэрээс хүн болж төрөх хувь заяаг атгаж ирэхдээ би намар мэндэлсэн. Сүү шигээ асгарсан цагаахан хайранд нь бялуурч сүүдэр дор нь хорвоог мэдэхгүй тоглож өсөхдөө намрын өдрүүд ижийг минь хөтлөөд надаас жил жилээр холдож байгааг би мэдээгүй.

Бороо нь бодол шиг бодол нь намар шигээ намуухан намарт би хайртай. Намрын өдрүүд ижийг минь санагдуулдаг болохоор би бүр ч их хайртай. Төөнөж байгаа нарных нь илч түшиж өсгөсөн ижийн минь хайр шиг, үе үехэн сэвэлзэж сэтгэл хөндөх салхи нь үгүйлэн санаж суух ижий минь бодол шиг гэгэлгэн, тийм гэхийн аргагүй тэнийсэн урт өдөр нь тэвэрч өхөөрддөг ижий минь энгэр шиг дулаахан. Хайр бялхсан намар цагыг би хаанаас хайхав.

Сэтгэлдээ л мэдрэх юм. Цэцэгс нь намартаа нялхарч, би ижийдээ эрхэлдэг байсан. Өнгө алагласан цэцэгс намар намрыг чимж өндөр буурал ижийтэйгээ би насаараа жаргана гэж эндүүрдэг байсан. Тогоруу дуугаа дуулалгүй нисээд одоход, ижий минь намайг үнсээд гэрийнхээ гадна нулимстай хоцорход намар ижий хоёртоо хоргодон хоргодон би нутгаасаа мордож байсан. Тэсч ядан хүлээсэн газраа зорихдоо дахиад ижий минь гаднаа зогсоод намайг үдэхгүй гэдгийг, дараа жилийн намар ижийтэй минь хамт намайг эрхлүүлэхгүй гэдгийг үлдсэн насандаа би намар ижий хоёрыгоо хамт байгааг харахгүй гэдгийг ухаараагүй.

Одоо санахад дэндүү гунигтай байдаг. Орчлонд намайг өлгийдсөн намар, намайг төрүүлсэн ижийгээ би санахдаа хайр энхрийлэлд бялуурсан эрх хонгор насаа дурсахдаа би намрыг хүлээдэг юм.

Одоо зөвхөн сэтгэлийн минь гүнд дурсамж болоод үлдсэн тэр л өдрүүдийг олж харах гэж намар намарлуу би яардаг юм. Тиймээс л намар надад уйтгартай хэрнээ санаад л бодоод л баймаар тэр дотор амьдраад л баймаар дурсамжийг минь хөглөдөг болохоор би намарт хайртай байдаг юм.

Намрын өдрүүд гунигтай ч гэсэн надад үлдсэн хамгийн нандин дурсамжийг минь авчирдаг болохоор би намарт хайртай.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН