Нүүр хуудасМэдээДадлага сургуулилт хийх тавдугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүрэгт хөл хорио тогтооно

Дадлага сургуулилт хийх тавдугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүрэгт хөл хорио тогтооно

Дадлага сургууль болох тавдугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн иргэд 08:00-18:00 цагийн хооронд гэрээсээ гарахгүй байхыг анхааруулав- 

Монгол Улсын Шадар сайдын тушаалаар Эрүүл мэндийн яам, ОБЕГ, НЭМГ-аас хамтран коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, салбар дундын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах, эмнэлгийн бэлэн байдлыг хангах зорилгоор тавдугаар сарын 06-08-ны өдрүүдэд коронавируст халдварын дэгдэлтийн үеийн хээрийн хүн эмнэлэг дэлгэх дадлага, сургуулилтыг хийхээр бэлтгэж байна.

Дадлага сургуулилтын талаар Улсын онцгой комиссын Шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр зарим тайлбар, мэдээлэл өглөө.

Тэрбээр “Дадлага сургууль хоёр үндсэн хэсэгтэй. Цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн үед  төрийн байгууллагууд хариу арга хэмжээг хэрхэн зохион байгуулах, ямар хүндрэл бэрхшээл, нөөц байгааг тодотгож, хоорондоо ярилцах команд штабын сургалт хийнэ. Энэ сургалт нь 72 цагийн турш тасралтгүй үргэлжилнэ. “Буянт-Ухаа” спорт цогцолборт 300 ор дэлгэж, хөнгөн чанартай өвчилсөн хүнийг хүлээж авах дадлага хийж үзнэ. Мөн Эх, нялсын эмнэлэг дээр 100 хүндэрсэн өвчтөн авах дадлага хийнэ. Хоёрдугаарт, бодит дадлага сургууль  хийнэ. Тодруулбал, нөхцөл байдал хүндэрсэн үед хатуу хөл хорио тогтоох дадлагыг Чингэлтэй дүүрэгт зохион байгуулна.  Иргэд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Эдгээр дадлага сургуулийг зохион байгуулахдаа иргэдийг бөөгнөрүүлэхгүй.  Зөвхөн байгаа газраасаа оролцохоор зохион байгуулна. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийн заагаар цагдаа болон зэвсэгт хүчнийхнийг дайчлан харуул хамгаалалт гаргана. Чингэлтэй дүүргийн иргэд өглөөний 08:00 цагаас оройны 18:00 цаг хүртэл гэрээсээ гарахгүй, хатуу хөл хорионд орсон байдлаар дадлага сургуульд оролцоно гэсэн үг. Төрийн болон аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг энэ хугацаанд хязгаарлана. Дэлхийн бусад улс орнуудын авч буй жишиг арга хэмжээг авна. Иргэн хүн гэртээ байна гэдэг нь энэ дадлага сургуульд оролцож байна л гэсэн үг гэж ойлгох хэрэгтэй. Нэмэлтээр  цэргийн зориулалттай тусгай тоноглолт  машин техник оролцуулж, сургуулилалт хийнэ. Үүнийг байлдааны ажиллагаа мэтээр буруу ойлгож, ийм төрлийн мэдээллийг бусдадаа түгээхийг хатуу хориглож байгаа. Байдал хүндэрсэн үед яаж ажиллах вэ гэдгээ урьдчилан тогтоох, үйл ажиллагаагаа уялдуулан сайжруулах зорилготой сургалт гэдгийг иргэд маш зөв ойлгоорой” гэв.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИССООС МЭДЭЭЛЖ БАЙНА

Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу коронавируст /COVID-19/ халдварт цартахлаас урьдчилан сэргийлэх, цар тахалтай тэмцэх хүч хэрэгслийн бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, удирдлагыг нягтруулах, онцгой нөхцөл байдлын үеийн хариу арга хэмжээний тактикийг боловсронгуй болгох, нэрвэгсдийг эмчлэх, хорио цээр, халдвар хамгаалал, хариу арга хэмжээний дадлага сургуулийг (Хөл хорионы дэглэм тогтоож, орох гарах хөдөлгөөнийг бүрэн хязгаарлана) Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 2020 оны тавдугаар сарын 07-ны өдрийн 08:00-18:00 цагийн хооронд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Иймд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, аж ахуйн нэгжийн удирдлага та бүхэн дээр дурдсан цагт бүрэн хөл хорио тогтоох үйл ажиллагаанд нийцүүлэн өөр өөрсдийн байгууллага дээр нарийвчилсан цагийн хуваарь, төлөвлөгөө гарган ажиллахыг хүсье.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН