Нүүр хуудасМэдээДөрөвдүгээр сарын 1-нээс 6-р сарын 15 -ныг хүртэлх хугацаанд загасчлах хориотой

Дөрөвдүгээр сарын 1-нээс 6-р сарын 15 -ныг хүртэлх хугацаанд загасчлах хориотой

Монгол Улсын Амьтны тухай хуулийн 9.2.8 зааснаар жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд буюу үржлийн үед нь загас агнах, барихыг хориглохоор тусгасан байдаг.

Загасанд үржлийн үед нь халдвал тухайн төрөл зүйл устах хүртэл аюултай аж. Загас үржлийн үедээ олон тооны түрс шахдаг ч тэдгээрийн 1,000 түрс тутмын нэг нь л жараахай болдог байна. Бүх загасны үржих хугацаа харилцан адилгүй тул Амьтны тухай хуульд зарим цөөн зүйлийн загасыг агнахыг хориглосон хугацааг өөрөөр тогтоосон байдаг.

Тодруулбал, тус хуулийн 9.2.3-аас 9.2.8 хүртэлх хэсэгт зааснаар:

  • Дархадын цагаан загасыг жил бүрийн наймдугаар сарын 1-ний өдрөөс аравдугаар сарын 20-ны өдөр хүртэл;
  • Буйр нуурын загасыг жил бүрийн тавдугаар сарын 15-ны өдрөөс наймдугаар сарын 1-ний өдөр хүртэл;
  • Омоль загасыг жил бүрийн наймдугаар сарын 30-ны өдрөөс аравдугаар сарын 30-ны өдөр хүртэл;
  • Зарам загасыг жил бүрийн есдүгээр сарын 5-ны өдрөөс дараа оны нэгдүгээр сарын 30-ны өдөр хүртэл;
  • Алтайн сугас загасыг жил бүрийн зургаадугаар сарын 15-ны өдрөөс наймдугаар сарын 31-ний өдөр хүртэл;
  • Бусад загасыг жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс зургаадугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд барихыг хоригложээ.
  • Хэрэв хориглосон хугацаанд амьтныг агнасан, барьсан тохиолдолд учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг 300 нэгж хуулийн этгээдийг 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хуулийн зохицуулалттай.

Харин агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд, эсхүл хориглосон арга хэрэгслээр амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж Зөрчлийн тухай хуулийн 7.6 зүйлийн 4 дэх хэсэгт заасан байдаг.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН