Нүүр хуудасМэдээЖи тайм сүлжээний шүүхэд хянагдах хугацааг сунгалаа

Жи тайм сүлжээний шүүхэд хянагдах хугацааг сунгалаа

Казактсан улсаас Монголд ирж Жи тайм буюу Голден тайм гэх сүлжээг байгуулан манай улсад мөнгө хүүлж байсан Марат гэгчийг 2017 онд цагдаагаас баривчилсан. Тухайн үедээ л олныг шуугиулж хохирогчдынх нь тоо өдрөөр биш цагаар нэмэгдэж байсан энэ хэрэг шүүхэд шилжсэн бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, Казакстан улсаас ядуурлыг бууруулах зорилготой Монголд орж ирсэн “Жи тайм” нэртэй сүлжээ 2017 онд манай улсад дэлгэрсэн. Энэ нь өөрийн оруулсан мөнгийг хурдан хугацаанд өсгөж авна гэсэн ойлголтыг өгч залилдаг гэмт хэрэг байсан юм. Тухайн үед буюу 2017 онд энэ хэргийн эзэн М.Марат гэгчийг нисэх буудлаас их хэмжээний мөнгөтэй байхад саатуулсан ч 2018 оны эхээр батлан даалтаар суллаж байсан юм. Гэвч энэ хүн одоог хүртэл ор сураггүй хэвээр байгаа гэх мэдээлэл бий. Харин мөрдөн байцаалтын шатанд Монгол Улсын 11 мянга 734 иргэн энэхүү сүлжээнд элсч, 25 тэрбум төгрөгийн хохирол учруулсныг тогтоосон байна. Монгол улсын ААН-ийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар олон шатлалт пирамид хэлбэрээр мөнгө олох, мөнгө угаахыг хориглодог. Гэвч иргэд мэдээлэлгүйгээсээ, сүлжээнд итгэж, гэртээ сууж байгаад л өгсөн мөнгөө 4, 5 эсвэл 10 дахин өсгөөд авчихна гэх ярианд итгэд хохирогч болдог байна. Ийм жишээ монголд мянгаар тогтохгүй, ийм сүлжээ ч гарахгүй гэх баталгаа байхгүй юм.  Казахстаны иргэн М.Марат болон манай улсын иргэн Э.Оюунчимэг нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалт 2019 оны долдугаар сард дуусч, хэрэг Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шилжсэн. Тэгэхдээ М.Маратад холбогдох үйлдлийг тусгаарлаж, Э.Оюунчимэг тэргүүтэй хүмүүсийн гэм буруутай эсэхийг нь тогтоолгохоор шүүхэд шилжүүлсэн юм. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэрэг 2017 онд улсын хэмжээнд 2,996 бүртгэгдэж байсан бол 2018 онд 5,372, 2019 онд 7,821 болж огцом нэмэгдсэн тоон мэдээлэл ч бий.

Тэгвэл Нийслэлийн  прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Э.Оюунчимэгт холбогдох  201701000037 дугаартай эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байна.

Тус  586  хавтастай эрүүгийн хэргийг шүүгч  уншиж танилцах шаардлагатай байгаа тул  Ерөнхий шүүгчийн захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хугацааг 30 хоногоор сунгалаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН