Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас “Монгол Улсын хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоо- 30 жил” эрдэм шинжилгээний бага хурал /2026.11.27/ боллоо.
Улсын Их Хурлын 1996 оны 38 дугаар тогтоолоор хяналт-шинжилгээ, үнэлгээг төрийн бодлогын түвшинд тодорхойлж, орчин үеийн тогтолцооны суурийг тавьснаас хойш 30 жил болжээ. 1996 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт анхны хяналт-шинжилгээ, үнэлгээний баг байгуулагдаж, 1999 онд анхны журмыг баталж, 2000 онд холбогдох чиг үүрэг бүхий хэлтэс болж өргөжжээ.

Эрдэм шинжилгээний хурлаар тогтолцооны 30 жилийн хөгжил, ололт, сургамжийг дүгнэж, цаашдын шинэчлэлийн чиглэлийн талаар хэлэлцлээ. Хуралд салбарын үндэс суурийг тавьж байсан ахмад үеийнхэн, төрийн байгууллагуудын төлөөлөл, яам, агентлаг, орон нутгийн хяналт-шинжилгээ, үнэлгээний албан хаагчид болон олон улсын түнш байгууллагууд оролцов.
Цаашид Засгийн газраас хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоог технологийн дэвшилд тулгуурлан шинэчилж, их өгөгдөл, хиймэл оюуны шинжилгээг нэвтрүүлэх, Тогтвортой хөгжлийн зорилгын шалгуур үзүүлэлтийг бодлого, төлөвлөлтөд уялдуулах, үнэлгээний үр дүнг төсөвлөлттэй холбох чиглэлд анхаарч ажиллана. Мөн иргэдийн оролцоотой үнэлгээг бэхжүүлэх, хүний нөөцийн мэргэшлийг дээшлүүлэх, тайлан мэдээллийн ил тод байдлыг хангах зорилт тавьж байна.
Хурлын илтгэл, хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг хяналт-шинжилгээ, үнэлгээний эрх зүйн орчин, арга зүйг шинэчлэх ажилд тусган хэрэгжүүлэх юм.









