Монгол Улсын Зэвсэгт хүчин, Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний цэргийн инженерийн салбаруудын хамтарсан “Зам” сургалт дадлага 12 дахь жилийнхээ намар амжилттай хэрэгжлээ. Энэ удаагийн хамтарсан сургалт хоёр орны цэргийн инженерүүдийг НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагааны цэргийн баазыг стандарт шаардлагад нь нийцүүлэн барьж сургахад чиглэснээрээ онцлог юм.
Бүтээн байгуулалтаар 2026 оныхоо хамтарсан сургалтаа өндөрлүүлж буй “Зам”-ын хаалтын арга хэмжээнд ЗХЖШ-ын орлогч дарга хошууч генерал Б.Баатар, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч хошууч генерал Ч.Цогтжаргал, Монгол Улсаас Япон Улсад суугаа ЭСЯ-ны Батлан хамгаалахын атташе хурандаа С.Төмөрхуяг, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү, Япон Улсын Батлан хамгаалах яамны мэргэжилтэн Тайчи Хирано, Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе дэд хурандаа Мурасе Рёосуке, Япон Улсын сургалтын бүлгийн дарга дэд хурандаа Ирики Ёохэй нарын албаныхан оролцлоо.
ЗХЖШ-ын орлогч дарга хошууч генерал Б.Баатар хэлсэн үгэндээ 12 жилийн өмнө 2014 онд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн захирагчаар ажиллаж байхад энэхүү хамтарсан сургуулийн суурь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийн районд тавигдаж байсан бол өдгөө хоёр орны Зэвсэгт хүчний хамтын ажиллагааны бэлэг тэмдэг болтлоо хөгжин бэхжиж буйг дурдлаа. Мөн тэрээр энэ удаагийн сургуулийн үеэр Япон Улсын Хуурай замын Өөрийгөө хамгаалах хүчний командлагч, генерал Арай Масаёоши Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, сургалт дадлагын явц, бодит үр дүнтэй биечлэн танилцсан нь энэхүү сургуулийн ач холбогдол, хоёр орны цэргийн итгэлцэл ямар өндөр түвшинд хүрснийг тод харууллаа хэмээн онцлон тэмдэглэж, “Зам” хамтарсан сургалт дадлагыг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж буй Элчин сайдын яам, Япон Улсын ур чадвар өндөр цэргийн инженерүүдэд ЗХЖШ-ын даргын нэрийн өмнөөс талархал дэвшүүллээ.
Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү 12 жилийн өмнөөс хамгийн тогтвортой бөгөөд үр дүнтэй хэрэгжиж байгаа “Зам” сургалт дадлага нь хоёр орны цэргийн хамтын ажиллагааны бэлэг тэмдэг гэдгийг онцлоод Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчид суралцах хүсэл тэмүүлэл өндөр, богино хугацаанд техник, технологийн шийдлүүдийг эзэмшиж, практикт нэвтрүүлэх чадвартайгаар нь бахархаж буйгаа илэрхийлсэн юм.
Үүний дараа ЦДБЭЧ-ын авьяаслаг уран бүтээлчид ардын дуу, хөгжмөөр мэндчилгээ дэвшүүлж, “Зам-2026” хамтарсан сургуулийн удирдагч, Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн захирагч, Монгол Улсын гавьяат барилгачин, хурандаа Б.Энхбаяр хүндэт зочдод 350 хүний цэргийн баазыг цогцоор хэрхэн бүтээн байгуулах талаар мэдээлэл хүргэж, үйл ажиллагаандаа ашиглахад бэлэн болгосон 6 цэргийн байрыг танилцууллаа.





