Монгол Улсын Орон нутгийн хамгаалалтын тухай хууль, Засгийн газрын батлан хамгаалах зарим чиг үүргийг орон нутагт хэрэгжүүлэх гэрээ, Завхан аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын сургалтын төлөвлөгөөний дагуу орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн хээрийн дадлага, сургалтыг Завхан аймгийн Ургамал суманд зохион байгууллаа.
Сургалтад Завхан аймгийн Алдархаан, Дөрвөлжин, Завханмандал, Ургамал, Эрдэнэхайрхан зэрэг 5 сумын орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн 60 гаруй бүрэлдэхүүн хамрагдсан бөгөөд сургалтад ЗХЖШ-ын Сургалтын хөдөлгөөнт бүлэг, Зэвсэгт хүчний 325 дугаар анги, Завхан аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Шүүх шинжилгээний хэлтэсээс мэргэжлийн дэмжлэг үзүүлэн ажилласан юм.
Орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн бүрэлдэхүүний сургалт, дадлага нь “Гамшгийн үед эрэн хайх, аврах ажиллагаанд мэргэжлийн багт дэмжлэг үзүүлэх, гүйцэтгэх үүрэгт нь сурган дадлагажуулах нь” сэдвийн хүрээнд явагдлаа. Эл сургалт, дадлага нь онц байдал зарласан үед томилгоот нэгжийн удирдах чадварыг нэмэгдүүлж, харилцан ажиллагааг хангах, нийгмийн эмх замбараагүй байдлыг арилгах, эрин хайх, аврах ажиллагаанд хүн нэг бүрийг сурган дадлагажуулах, бие бүрэлдэхүүнд сэтгэл зүй, бие бялдрын тэсвэр, хатуужил олгох зорилготой юм.
Мөн нэмэлтээр томилгоот нэгжийн бие бүрэлдэхүүнд нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр тандалт хийх, мэдээ, мэдээллийн ажилтан бэлтгэх, дэг журам сахиулахад дэмжлэг үзүүлэх, сэтгэлзүйн хангалт, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, баримт нягтлан шалгах, гамшиг хөнөөх хэрэгслийн хөнөөлтэй тэмцэх зэрэг хичээл сургалтыг орсон юм.
Орон нутгийн хамгаалалт гэдэг нь улс орноо батлан хамгаалах тогтолцооны тулгуур үндэс бөгөөд бүх нийтийн оролцоотойгоор орон нутгийн хамгаалалтын бэлтгэлийг хангах, хамгаалах олон талт нэгдмэл арга байдаг. Өөрөөр хэлбэл орон нутгийн хамгаалалтаар дамжуулж иргэдийг эх оронч үзэлтэй, болзошгүй аюулын үед эх орноо хамгаалах ур чадвар, бэлтгэл эзэмшүүлж, уламжлалт болон уламжлалт бус аюулаас хамгаалж, улс орны батлан хамгаалах тогтолцоог бэхжүүлэх томоохон үйл ажиллагаа юм.





