Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдөр /2026.04.15/-ийн хуралдаанаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Гадаад харилцааны яамны 2025 оны үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.

2025 оны байдлаар Монгол Улс НҮБ-ын 192 гишүүн, гурван ажиглагч улстай дипломат харилцаа тогтоогоод байна. Өнгөрсөн онд Турк, Итали улстай стратегийн, Чех, Польш, Узбекстан, Киргизстан улстай иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосныг албажуулж, Эсватини, Барбадос, Ботсван, Тринидад ба Тобаго улсуудтай дипломат харилцаа тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг батлуулжээ. Олон улсын түвшинд стратегийн түншлэлийг бэхжүүлснээр хаягдал ус боловсруулах үйлдвэр, сэргээгдэх эрчим хүчний дэд бүтэц байгуулах төсөл, хөнгөлөлтэй зээл, тэтгэлэгт хөтөлбөр, буцалтгүй тусламж, газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг урагшлуулах, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжих, хилийн чанадад ажиллаж, амьдарч буй иргэдэд дэмжлэг үзүүлэх зэрэг олон үйл ажиллагаанд анхаарч ажилласан байна.

Үүний дараа Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороонд хамаарах хууль, тогтоолоор үүрэг чиглэл болгосон УИХ-ын шийдвэрийн биелэлтийн тайланг УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр танилцуулав. 2025 оны жилийн эцсийн байдлаар тус байнгын хорооны 23 шийдвэрийн 121 заалтын биелэлтэд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийхэд хэрэгжилт 72,1 хувьтай гарчээ.






