Нүүр хуудасМэдээМАН: Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 1.1 их наяд төгрөгийн зээл олгожээ

МАН: Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 1.1 их наяд төгрөгийн зээл олгожээ

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдөр /2026.05.26/-ийн хуралдаанаар Засгийн газарт чиглэл өгөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, дэмжив. Үүний дараа Хүнс, хөдөө аж ахуйн салбарт 2008 оноос хойш төрөөс олгож буй дэмжлэг, урамшуулал, Засгийн газар хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас, зээл олголтын байдлын хэрэгжилт сэдэвт Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах Байнгын хорооны тогтоолын төслийг дэмжлээ.

Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн М.Мандхай ажиллана.

Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас /ЖДҮХС/ олгосон зээл, зээлийн эргэн төлөлт, хэрэгжилт, үр дүнгийн талаар мэдээлэл сонсов. Дээр дурдсан асуудлаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ахалсан юм.

ЖДҮХС нь улсын төсөв, Засгийн газрын бонд, орон нутгийн төсвөөс нийт 743.9 тэрбум хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлж, 9272 төсөлд 1.1 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгосон байна. Тус сан нь 2025 оны 12 дугаар сарын байдлаар 1994 зээлдэгчийн 218.1 тэрбум төгрөгийн зээлийн авлагатай. Харин 7978 зээлдэгч 938 тэрбум төгрөгийн зээлийг төлжээ. ЖДҮХС-д улсын төсвөөс хөрөнгө хуваарилаагүй. Эргэн төлөлтөөрөө санхүүжүүлж, зээл олгожээ. Нийт 41044 ажлын байр хадгалж, 56 мянган ажлын байр шинээр бий болгосон талаар санал, дүгнэлтэд дурдав. Гишүүдийн зүгээс зээлийг хэрхэн олгодог, эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлж байгаа, зээлийн үр дүн, ЖДҮ-ийн зээлийн хүртээмжийг сайжруулж ААН-үүдийг тогтвортой ажиллах боломжийг бүрдүүлэх, эдийн засгаа тэлэх бодлого барих, сонгон шалгаруулалтын хугацааг анхаарах зэрэг асуудлыг тодруулж, санал хэлэв.

Хуралдааны төгсгөлд Малчны тухай хуулийн хэрэгжилтэд Ерөнхий хяналтын сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг томилох тухай байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, дэмжлээ. Ерөнхий хяналтын сонсголыг 2026 оны 6 дугаар сарын 23-24-ний өдөр зохион байгуулахаар тогтож, сонсгол даргалагчаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг сонгов.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН