Нүүр хуудасМэдээМАН-ЫН БҮЛЭГ: Бизнесийн таатай орчин, тээвэр логистикийн сүлжээг бүрдүүлэх хуулийн төслийг хэлэлцэж...

МАН-ЫН БҮЛЭГ: Бизнесийн таатай орчин, тээвэр логистикийн сүлжээг бүрдүүлэх хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын чуулганы өнөөдөр /2026.11.27/-ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдааны эхэнд Эдийн засгийн тусгай бүсийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийлээ.

Манай улс 1995 онд УИХ-аар “Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” үзэл баримтлалыг баталж чөлөөт бүс байгуулах үндэслэл, шаардлагыг тодорхойлон гурван чөлөөт бүс байгуулахаар хөрөнгө оруулалт хийсэн боловч бодит байдал дээр чөлөөт бүсийг жинхэнэ утгаар нь байгуулж чадаагүй байна. Тиймээс хууль, эрх зүйн орчныг сайжруулж хөрөнгө оруулалтыг татах, үндэсний үйлдвэрүүдэд бизнесийн таатай орчныг бий болгох, тээвэр логистикийн сүлжээг бүрдүүлэх, технологийн дэвшлийг дэмжих замаар экспортын хэмжээ, төрлийг нэмэгдүүлэн эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлага тулгарч байгааг хууль санаачлагчид тайлбарласан юм.

Үргэлжлүүлэн Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төсөл батлагдсанаар хүнсний хяналтын бодлогыг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих, хүнс үйлдвэрлэгчдийн хариуцлагыг өндөржүүлэх, хүнсний сүлжээний бүх үе шатны үйл ажиллагааг бүрэн зохицуулах, иргэн бүр эрүүл баталгаат хүнс хэрэглэх, сонгох боломжтой болно гэдгийг хууль санаачлагчид хэлж байлаа.

Хэлэлцэж буй хуулийн төслүүдийн санал хураалтыг үдээс хойш явуулах бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаан УИХ-ын Асуулгын цагаар үргэлжилж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН