УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2026.05.04/-ийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцэж байна.
Монгол Улсын Ерөнхий сайдын дэвшүүлсэн “Чөлөөлье” санаачилгын хүрээнд боловсролын салбарт хэрэгжүүлэх “Монгол хүүхэд, залуусыг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлье” цогц арга хэмжээний мэдээллийг УИХ-ын гишүүн, Боловсролын сайд Л.Энх-Амгалан танилцууллаа.
Бодлогын шинэчлэлийн хүрээнд хийх ажлуудын талаар салбарын сайд Л.Энх-Амгалан “PISA 2022 олон улсын үнэлгээгээр монгол сурагчид математикийн мэдлэгээр 2-3 жилээр, унших чадвараар 5 жилийн хоцрогдолтой байгааг тогтоосон. Мөн хот хөдөөгийн сургуулиудын сургалтын чанарын ялгаа 1.5-1.8 жил байна. Энэ хоцрогдолыг арилгах нь боловсролын салбарт бодлогын шинэчлэл хийх гол үндэслэл болсон гэв.
Бодлогын хүрээнд агуулгад суурилсан сургалтаас ур чадварт шилжих буюу асуудал шийдвэрлэх, багаар ажиллахад суурилсан сургалтад шилжинэ.
Сургуулийн дэд бүтцийн хувьд гэрт ойрхон сайн сургууль буюу алслагдсан дүүрэг, багуудад хурдан угсардаг орчин үеийн “контейнер сургууль”-ийн загварыг нэвтрүүлэхээр танилцуулав.
Цахим шилжилтийн хүрээнд “Нэг хүүхэд-нэг компьютер” хөтөлбөрийг хэрэгжүүлж, багш, сурагчдад зориулсан хиймэл оюун ухаан (AI) туслах системийг сургалтад ашиглахаар танилцуулгад дурдлаа.
Дээд боловсролын чанарын хувьд гүйцэтгэлийн үзүүлэлтэд суурилсан сургуулийн ангилал эрэмбэ, чансааг тогтоож цөөн оюутантай их, дээд сургуулиудыг нэгтгэж, бүсчилсэн төрөлжилтийг бий болгоно гэв. Санхүүжилт, үнэлгээны хүрээнд хувьсах зардлыг сургалтын үр дүн, гүйцэтгэлтэй уялдуулан олгоно гэдгийг сайд Л.Энх-Амгалан онцоллоо.
Бүлгийн гишүүд танилцуулгатай холбогдуулж, боловролын шинэчлэлийг хэрэгжүүлэхдээ хот, хөдөөгийн онцлогт тулгуурлаж бүтцийн өөрчлөлт хийх, үдийн цайны чанар хүртээмжийг сайжруулах, багш ажилтны хүний нөөцийн бодлого, цалин урамшуулал, нийгмийн баталгааг сайжруулах санал хэллээ.





