Төсвийн байнгын хорооны өнөөдөр /2026.11.11/-ийн хуралдаанаар “Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар гишүүдийн олонхын дэмжлэг авсан саналыг тогтоолын төсөлд тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, Монгол Улсын 2027 оны төсвийн төслийг хэлэлцэн батлах чиг үүрэг бүхий Төсвийн ажлын хэсгийн ахлагч Ж.Батжаргал танилцуулсан.
Үргэлжлүүлэн Төрийн сангийн тогтолцоо, хууль тогтоомжийн нийцэлд хийсэн нийцлийн аудитын тайланг хэлэлцэв. Төрийн сан нь улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгийн удирдлага, төлбөр тооцоо, төсвийн гүйцэтгэлийн бүртгэл тайлагналыг хэрэгжүүлдэг санхүүгийн удирдлагын үндсэн тогтолцоо юм. Аудитаар 2023-2025 оны үйл ажиллагааг хамруулан төрийн сангийн тогтолцоо, эрх зүйн байдал, хүний нөөц, цахим системийн удирдлага, төсвийн санхүүжилт, төлбөр тооцоо болон дотоод хяналтын хэрэгжилтийг үнэлжээ. Төрийн сангийн нэгдсэн дансны өнөөгийн загвар олон улсын жишигт нийцэж байгаа ч төсвөөс гадуурх арилжааны банкин дахь мөнгөн хөрөнгөд тавих хяналт сул, төсвийн байгууллагын төлбөр тооцоог системээр дамжуулснаар төрийн сангийн үйл ажиллагаа сайжирсан хэдий журмын хэрэгжилт хангалтгүй, төрийн сангийн бүтцийг боловсронгуй болгох шаардлагатай зэргийг тайланд дурдсан байна.






