Нүүр хуудасМэдээМИАТ IATA-ийн Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнээс хасагджээ

МИАТ IATA-ийн Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнээс хасагджээ

Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК 2024 онд Олон улсын агаарын тээврийн холбоо (IATA)-ны Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон нь Монголын агаарын тээврийн салбарын хувьд анхны тохиолдол болсон юм. Гэвч гурван жилийн бүрэн эрхийн хугацаа нь дуусаагүй байхад тус компанийн төлөөлөл Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнээс хасагджээ.

Тодруулбал, 2026 оны зургаадугаар сард Бразилын Рио-де-Жанейро хотод болсон IATA-ийн 82 дугаар Ерөнхий чуулганаар Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах үеэр МИАТ-ийн бүрэн эрх дуусгавар болсон байна. Үүний шалтгааныг компанийн удирдлага солигдсонтой холбон тайлбарлаж байгаа бөгөөд МИАТ-ийн гүйцэтгэх захирал Т.Тэлмэнгийн төлөөлөл мөн Удирдах зөвлөлөөс хасагджээ.

Харин МИАТ компани IATA-ийн гишүүн хэвээр үлдсэн байна.

IATA нь дэлхийн 120 гаруй орны 380 гаруй агаарын тээвэрлэгчийг нэгтгэсэн, салбарын бодлого, стандарт, аюулгүй ажиллагааны чиглэлээр чухал шийдвэр гаргадаг олон улсын байгууллага юм. Тус холбооны Удирдах зөвлөлд багтах нь Монгол Улсын хувьд дэлхийн агаарын тээврийн бодлогод өөрийн дуу хоолойг хүргэх, олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чухал боломж байв.

Нөгөө талаар МИАТ компани 2025 онд Skytrax-ийн “World’s Most Improved Airlines” буюу хамгийн их ахиц гаргасан агаарын тээврийн компаниудын жагсаалтад багтаж байсан. Гэвч сүүлийн үед компанийн үйл ажиллагаатай холбоотой асуудлууд, тэр дундаа 2023 онд худалдан авсан Boeing 787-9 Dreamliner онгоцоо Европын холбооны хоригт багтсан Конго улс руу түрээсээр шилжүүлсэн гэх мэдээлэл олон нийтийн шүүмжлэл дагуулаад байна.

Ийнхүү олон улсын салбарын бодлогод оролцох боломжоо алдсан МИАТ компанийн удирдлага, цаашлаад салбарын яамны зүгээс компанийн засаглал, үйл ажиллагаа, олон улсын нэр хүндэд нөлөөлж буй асуудлуудад анхаарал хандуулах шаардлага тулгарч байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН