Хатуу өвлийг давж хаврын сартай золгосон ч тэнгэрийн ааш зөөлрөх болоогүй гэдгийг сануулсаар байна. Жилийн яг энэ үед малчид хамгийн хүнд байгалийн сорилттой тулгарч малын хоргодол их гардаг. Өнгөрсөн 2 дугаар сарын сүүлийн 10 хоногийн мэдээллээр улсын хэмжээнд 8 аймгийн 39 сум цагаан зудтай байна. Мөн 12 аймгийн 47 сум зудын эрсдэлтэй гэсэн тооцоо гарчээ. Мөн Монгол орны 60 орчим хувьд цасан бүрхүүл тогтжээ. Үүнээс Алтай, Хангай, Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Хэнтий нуруу хангайн бүсийн нутгаар 20 см-ээс дээш зузаан цастай байна.
Хаврын эхэн сарын шинийн 2-ноос эхэлж ихэнх нутгаар үргэлжлэн орсон цас хаваржилт хүндрэх гол шалтгаан болж байгааг онцгой байдлын албанаас мэдээллээ.
Улсын нөөцөөс зудын эрсдэлтэй гэж тооцогдож байгаа Архангай, Булган, Орхон, Завхан, Хөвсгөл, Увс аймагт 2303 тонн өвс үнэгүй олгохоор шийдвэрлэлээ. Мөн 2025 тонн тэжээлийг 50 хувь хямдруулан олгохоор боллоо. Мөн хаваржилт хүндэрч болзошгүй байгаа Завхан, Архангай, Өвөрхангай, Увс аймгийн Онцгой байдлын газар, Орхон Завхан, Хөвсгөлийн аймгийн 3 суманд нийт 7 автомашин олгохоор Засгийн газраас шийдвэрлээд байна.
ЗАВХАН
Завхан аймгийн Тосонцэнгэл, Тэлмэн зэрэг Булнай нуруугаа дагасан сумдад цас олон хоног их хэмжээгээр орсны улмаас зудын байдал нүүрлээд байна. Тал газраа 53-63 см, гуу жалгандаа 105-115 см цасан бүрхүүл тогтжээ.
Завханы Тэс, Баянтэс, Асгат, Баянхайрхан, Тосонцэнгэл гэхчлэн 9 сум цагаан зудтай байна.
Харин Отгон, Сонгино, Завханмандал, Цагаанчулуут зэрэг таван сум зудархуу байна. Өвөлжилт хүндэрсэн сумдын 199 өрхийн 288 малчин, 87.1 мянган толгой мал хөрш зэргэлдээ Архангай, Баянхонгор, Хөвсгөл аймагт отроор өвөлжиж байгаа гэх тооцоог ЗДТГ-аас гаргажээ. Өнөөдрийн байдлаар дээрх сумдад цас их унасны улмаас мал бэлчээрлэх боломжгүй болж тэжээлд оржээ. Аймгийн аюулгүйн нөөцөөс өвс, тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр малчны хотонд хүргэх ажлыг хоёр удаа зохион байгуулжээ.
Одоогоор хорогдсон малын тоо толгой 23 мянгад хүрсэн байна.
ХӨВСГӨЛ
Хөвсгөл аймгийн Жаргалант, Цэцэрлэг, Галт, Шинэ-Идэр сумын нутагт цас ихтэй өвөлжилт хүндэрсэн байна. Аймгийн Онцгой комисс шаардлагатай арга хэмжээг шуурхай авч өвс тэжээлийг хүргүүлэх ажлыг зохион байгуулж байна.
Хөвсгөлийн зарим сумдад нийт 14 удаа цас орж хөндий, талдаа 40-60 см, гуу жалгандаа 80-100 см цас тогтсон байна. Тухайлвал Жаргалант суманд өвөлжиж байгаа 240 гаруй мянган мал бэлчээргүй болж, тэжээл өгч байгаа бол нийт 15 мянга гаруй мал хорогджээ.
СҮХБААТАР
Сүхбаатар аймгийн нийт газар нутгийн 80 хувь цагаанаар зудархуу, 25 орчим хувьд нь өвөлжилт хүндэрсэн гэдгийг аймгийн УЦУОШГ-аас мэдээлсэн. Баруун-Урт сумын тухайд өөрийн газар нутаггүй учир Сүхбаатар, Асгат, Халзан Уулбаян зэрэг 7-8 сумын нутагт малчид таран өвөлжиж байна. Цас ихтэй, өвс багатай мал бэлчээрлэхэд хүндхэн нөхцөл үүссэн учраас малчид сумын удирдлагуудаас өвс тэжээлийн дэмжлэг хүсчээ. Тиймээс Баруун-Урт сумын удирдлагууд өөрсдийн нөөц боломжоороо малчин болон мал бүхий иргэдэд 10000 боодол өвсийг үнэгүй олгож эхэлжээ.
Баруун-Урт сум жилийн эцсийн мал тооллогоор 400 гаруй мянган толгой мал тоолуулсан юм.
ДОРНОГОВЬ
Дорноговь аймгийн Даланжаргалан, Айраг, Алтанширээ Сайхандулаан, Иххэт, Дэлгэрэх, Өргөн суманд Дундговь, Өвөрхангай, Говьсүмбэр, Төв, Хэнтий, Сүхбаатар аймгийн 163 өрхийн 162,2 мянган толгой мал отроор өвөлжиж байна.
Өвөлжилтийн нөхцөл байдал Мандах, Даланжаргалан Иххэт Алтанширээ, Дэлгэрэх суманд хүндэрсэн нөхцөл байдалтай байна.
Албаныхан цасны дундаж зузаан, хунгарын зузаан, цасны нягтралд хэмжилт хийж үнэлэхэд Иххэт, Дэлгэрэх, Айраг, Алтанширээ, Сайхандулаан, Мандах сумын нутгаар “Цагаан зудархуу”, Иххэт Даланжаргалан сумын нутгаар “Цагаан зудтай” гэсэн дүгнэлт гарсан юм.
УВС
Увс аймгийн хувьд зудын эрсдэлийн үнэлгээгээр 60 орчим хувьд нэн их, 40 орчим хувьд бага эрсдэлтэй байгаа аж. Баруунтуруун, Завхан, Зүүнговь, Зүүнхангай, Наранбулаг, Өндөрхангай, Тариалан, Ховд, Хяргас, Цагаанхайрхан, Улаангом сумаар нэн их буюу их эрсдэлтэй байна.
Аймгийн хэмжээнд 3625 толгой мал хорогдсон, мал аж ахуйн салбарын өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан аймгийн өвс, тэжээлийн нөөцөөс 230 тонн өвс, 60 тонн тэжээлийг хөнгөлөлттэй үнээр малчдад олгоод байна.
ХХААХҮЯ-ны мэдээгээр хаваржилтад 5500 тонн өвс, 3000 тонн тэжээл шаардлагатай байна.
Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээллээр 3 дугаар сард олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй. Сарын эхний 10 хоногт нийт нутгаар хүйтний эрч чангарч, агаарын температур 15-20 градус, салхи 12-14 м/с хүрч, цасан болон цасан шуургатай. Сарын дунд үеэс цаг агаар тогтуун болж нийт нутгаар дулаарах төлөвтэй байна.