Нүүр хуудасМэдээНийслэлийн зүгээс цахилгаан авто машины хэрэглээг нэмэгдүүлэхэд анхаарна

Нийслэлийн зүгээс цахилгаан авто машины хэрэглээг нэмэгдүүлэхэд анхаарна

Улаанбаатар хотын агаарын бохирдлын 10 хувийг автомашинаас ялгарч байгаа утаа бий болгодог бөгөөд энэхүү ялгарч буй хорт бодис нь этилт хар тугалга, нүүрстөрөгчийн дутуу болон давхар исэл, хүхэрлэг хий, хөө тортог, кадми, альдегид бензопирен диоксин зэрэг хорт бодис агаарт ялгаруулдаг гэсэн судалгаа бий. Тиймээс автомашины яндангаас ялгарч байгаа хорт утааг багасгаж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эдийн засгийн хэмнэлттэй цахилгаан машины хэрэглээг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд 2017 оны А/613 дугаар захирамжийн дагуу цахилгаан тэжээлт автомашиныг 2017 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн замын хөдөлгөөнд дугаарын хязгаарлалтгүй оролцуулж эхэлсэн. Мөн хотын даргын 2017 оны А/614 дүгээр захирамжийн дагуу цахилгаан тэжээлт автомашиныг авто зам ашигласны төлбөрөөс 2017 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн чөлөөлсөн билээ.

Цахилгаан авто машины хэрэглээг эрчимтэй нэмэгдүүлэх замаар нийслэлийн агаарын бохирдлын 10 хувийг эзэлж буй авто машинаас ялгарах хорт утаатай тэмцэхэд татварын бодитой хөнгөлөлт, чөлөөлөлт зайлшгүй шаардлагатай байгаа талаар өнгөрсөн хугацаанд Нийслэлийн Засаг дарга мэдэгдэж байсан юм.

Харин өнөөдөр Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Цахилгаан тэжээлт автомашины онцгой албан татварыг 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн “тэг” /0/-лэх саналыг Монгол Улсын Засгийн газарт хүргүүллээ. Хотын дарга  “Энэхүү тогтоолын төсөл батлагдсанаар импортоор орж ирж буй цахилгаан тэжээлт автомашин онцгой албан татвараас чөлөөлөгдөн, байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн хэмнэлттэй, газрын тосноос хараат бус хэрэглээ нэмэгдэх чухал ач холбогдолтой” гэж үзэж байгаагаа дурдаад нийслэлийн зүгээс цаашид цахилгаан тэжээлт автомашины цэнэглэгч станц суурилуулах, аюулгүй ажиллагааны дүрэм стандарт боловсруулж батлуулах, цахилгаан тэжээлт автомашины улсын дугаарыг ялгах тэмдэгтэй болгох зэрэг ажлыг холбогдох төрийн захиргааны байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх болно гэдгээ хэлж байсан юм.

Нийслэлийн зүгээс цахилгаан авто машины хэрэглээг нэмэгдүүлэх олон талт ажлын хүрээнд “Нийтийн эзэмшлийн зам талбайд төлбөртэй зогсоол ажиллуулах зөвшөөрөл”-д тухайн зогсоолын багтаамжаас хамааран нэгээс доошгүй зогсоолыг бүрэн цахилгаан автомашинд зориулан тохижуулж, үнэ төлбөргүй ашиглуулах нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН