Нүүр хуудасМэдээНИЙСЛЭЛ: Нийслэлийн дулаан хангамжийн сүлжээг шинэчлэх, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх талаар...

НИЙСЛЭЛ: Нийслэлийн дулаан хангамжийн сүлжээг шинэчлэх, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх талаар хэлэлцлээ

Улаанбаатар хотын эрчим хүч, дулаан хангамжийн салбарын төлөөлөл Европын Холбооны баг, олон улсын болон дотоодын эрчим хүчний зөвлөхүүдтэй уулзлаа. Уулзалтаар нийслэлийн эрчим хүчний шилжилтийн талаар хэлэлцэж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтад нийслэлийн эрчим хүчний төсөл, хөтөлбөр хариуцсан зохицуулагч Ч.Батзориг, нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан зөвлөх Б.Мөнгөнхишиг, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Амарсанаа, “Тархмал эрчим хүчний дэд бүтэц” ХХК-ийн Ерөнхий инженер В.Ганбаатар, Европын Холбооны Тогтвортой эрчим хүчний эксперт, багийн ахлагч Тьерри Бертуйе, Европын Холбооны Олон улсын түншлэлийн Ази, Номхон далайн хөрөнгө оруулалтын багийн Венсан Вио нар оролцлоо.

Талууд одоо хэрэгжиж буй хамтарсан төслүүдийн явц болон цаашид хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцлоо. Тухайлбал, нийслэлийн дулаан хангамжийн сүлжээг шинэчлэх, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, алдагдлыг бууруулах, дэд бүтцийн найдвартай байдлыг сайжруулах, мөн цэвэр, ногоон технологид шилжих боломжуудын талаар ярилцлаа.

Улаанбаатар хотын ногоон шилжилт ашиглаж буй дулаан, цахилгааны дэд бүтцээ илүү үр ашигтай, ухаалаг, найдвартай, тогтвортой болгохоос эхэлнэ. Энэ чиглэлээр Европын Холбоо болон олон улсын түншүүдийн техникийн мэдлэг, хөрөнгө оруулалтын боломжийг нийслэлийн хөгжлийн бодлого, хэрэгцээтэй уялдуулах нь чухал гэдгийг талууд илэрхийллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН