Нүүр хуудасМэдээНИЙСЛЭЛ: Сурагчдад аюулгүй орчин бүрдүүлэх “Сургууль хүрэх зам” төслийг хэрэгжүүлнэ

НИЙСЛЭЛ: Сурагчдад аюулгүй орчин бүрдүүлэх “Сургууль хүрэх зам” төслийг хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 14 дүгээр хуралдаан боллоо.  

Иргэдийн хүсэлт, гомдол хуваарилагдсан 22 удирдах албан тушаалтны шийдвэрлэлт нээлттэй байна

Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авах “Хотын дарга сонсож байна” тусгай дугаарыг наймдугаар сарын 14-ний өдрөөс ажиллуулж эхэлсэн. Иргэд 150150 тусгай дугаарт зурвас үнэгүй илгээн санал, хүсэлт, гомдлоо илэрхийлэхээс гадна mayor@ulaanbaatar.mn и-мэйл хаягаар холбогдох боломжтой. 150150 дугаарт иргэд зөвхөн зурвас илгээнэ. Ирсэн санал, хүсэлт, гомдлыг нийслэлийн эрх бүхий 22 албан тушаалтан хариуцаж, харьяа газар хэлтэс рүү хуваарилан, ажлын тав хоногийн дотор хариу өгөх юм.

“Хотын дарга сонсож байна” платформ нь олон нийтийн байнга шүүмжилдэг нийслэл хүнд сурталтай байна, иргэдийнхээ санал, хүсэлт, гомдлыг сонсохгүй байна гэх асуудлыг цэгцэлж, засаглалын шинэ формат гаргах зорилготой гэдгийг нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва онцоллоо. Хүсэлт, гомдол хуваарилагдсан 22 удирдах албан тушаалтны шийдвэрлэж буй асуудлын мэдээлэл нээлттэй байна.

 “Сургууль хүрэх зам” төслийг хэрэгжүүлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гэр, сургуулийн хооронд ирэх, буцах замдаа гарцгүй хэсгээр зам хөндлөн гарах, автомашины хөдөлгөөн ихтэй бүсээр зорчих, үе тэнгийн дээрэлхэлтэд өртөх, гэрэлтүүлэг, камержуулалт хангалтгүй хэсгээр явах зэрэг эрсдэлтэй нөхцөлтэй тулгардаг.

Иймд сурагчдын аюулгүй зорчих орчныг бүрдүүлэхэд төрийн байгууллага, сургууль, эцэг эх, асран хамгаалагч, иргэдийн хамтын ажиллагаанд суурилсан цогц арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай байна. “Сургууль хүрэх зам” төсөл нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын гэрээс сургууль хүртэлх аюулгүй зорчих орчныг бүрдүүлж, зам тээврийн осол, гэмтлийн эрсдэлийг бууруулан, замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх мэдлэг, оролцоог нэмэгдүүлэх зорилготой. Энэхүү төслийг хэрэгжүүлэхдээ олон улсын сайн туршлагуудыг нэвтрүүлнэ гэлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Эхний ээлжид алхахад тухтай явган зам, сайн зохицуулалттай гэрлэн дохио, стандартад нийцсэн хурд сааруулагчтай байх шаардлага тавьж байна” гэв. Мөн сургуулийн орчинд хурд хэтрүүлсэн, аваар осол гаргасан жолооч нарт тооцох хариуцлагын асуудлыг эргэж харахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.

“Сэлбэ таван шатлалт усан сан” төслийн газар чөлөөлөлтийг эрчимжүүлэх талаар дахин судалж, танилцуулахыг үүрэг болгов

“Сэлбэ сэргэлт” төслийн хүрээнд хэрэгжиж буй үерийн ус хуримтлуулах усан сангийн ажлыг үргэлжлүүлэхэд газар чөлөөлөлтийн асуудал хүндрэл учруулж байна. Энд амьдарч буй айл өрхүүд газрын гэрчилгээгүй тул чөлөөлөхөд хүндрэл үүссэн.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Мөнхбаатар “Энэ ажлын нөлөөлөлд нийт 39 нэгж талбар өртсөнөөс нийслэлийн Засаг даргын хоёр удаагийн захирамжаар найман нэгж талбарыг нөхөх олговортойгоор чөлөөлсөн бөгөөд хоёр нэгж талбарыг нөхөх олговоргүй чөлөөлж, 29 нэгж талбартай зөвшилцөх ажил үргэлжилж байна. Үерийн барилга байгууламжийн нөлөөлөлд өртөөгүй боловч орц, гарц хаагдах эрсдэлтэй 24 нэгж талбар, газар эзэмших, өмчлөх эрхийн гэрчилгээгүй 51 айл байгаа бөгөөд газар дээрээ олон жил амьдарсан, өрхийн амьжиргааны түвшин доогуур зэрэг шалтгааны улмаас албадан чөлөөлөх ажил хүндрэлтэй байна” гэв.

Ингээд Зөвлөлийн гишүүд санал хэлж, төслийн трасст өөрчлөлт оруулалгүйгээр газрыг чөлөөлөх боломжийн талаар дахин судалж, танилцуулахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатар хотын дараагийн төлөвлөгөөний талаар нийслэлчүүдэд ойлгомжтой, тодорхой мэдээлэл өгдөг байх хэрэгтэй. Тухайлбал, амьдарч байгаа газар нь ойрын хугацаанд дахин төлөвлөлтөд орох эсэх зэрэг мэдээллийг тодорхой болгосноор иргэд ажил, амьдралаа төлөвлөхөд хүндрэл чирэгдэлгүй байх болно. Ингэснээр хувийн хэвшлүүд ч хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө тооцоолно. Энэ намар ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалаа танилцуулна” гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН