Сүүлийн арван жилийн хугацаанд Улаанбаатар хотын автомашины тоо гурав дахин өсөж, нийт өрхийн 70 гаруй хувь нь суудлын автомашин эзэмшиж байна. Харин энэ хугацаанд авто замын сүлжээ ердөө 19 хувиар нэмэгдсэн нь замын хөдөлгөөний хэт ачаалал үүсэх гол шалтгаан болжээ. Өнөөдрийн байдлаар нийслэлийн иргэд өдөрт дунджаар 2.4 цагийг авто замын түгжрэлд зарцуулж байна. Энэ нь жилдээ 35 хоногийг үр ашиггүй өнгөрүүлж байгаа гэсэн тооцоо юм.
Түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлээс нийтийн тээврийн шинэ төрлийг нэвтрүүлж, үйлчилгээний чанар, стандартыг олон улсын түвшинд хүргэх зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд “Улаанбаатар трам” төслийг 2025-2028 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Төслийн нэгдүгээр шугам “Зуслангийн бүсээс Сүхбаатарын талбай” чиглэлд 11 км урттай, 16 зогсоолтой байх бөгөөд хоёрдугаар шугам нь “Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай” чиглэлд 15 км урттай, 23 зогсоолтой байхаар төлөвлөсөн.
Төслийг бүрэн хэрэгжүүлснээр цагт 10-12 мянган зорчигч тээвэрлэх хүчин чадал бүрдэх бөгөөд тээврийн хэрэгслийн дундаж хурд 23.6 хувиар нэмэгдэх тооцоо гарчээ. Ингэснээр нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, иргэдийн зорчих хугацааг хэмнэх, агаарын бохирдол болон хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад бодит хувь нэмэр оруулах томоохон дэд бүтцийн төсөл болох юм.
Түүнчлэн төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулж дууссан. Трамвай нь тогтсон цагийн хуваарийн дагуу зорчдог, цахилгаан хөдөлгүүрээр ажилладаг тул ашиглалтын зардал багатай, байгаль орчинд ээлтэй нийтийн тээврийн төрөл юм.





