НУЛИМС

Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Б.Догмид


Намрын хонгор өдөр. Бид Дундговиос хот орохоор салхи татуулан давхиж явлаа. Замын хажуугийн тарваганууд боодогны бор шөлөнд дуртай хүмүүст буудуулсаар байгаад хаширчихсан тул машин зогсов уу үгүй юу, нүх рүүгээ шурган орно. Тэр хашир бурхинууд дотор суманд тархи толгойгоо хайруулсан шарх сорвитой, нүхнээсээ гарахдаа толгой дээрээ хомоол тавьж байж цухуйдаг болтлоо хаширхын дээдээр хаширсан “товарищ”-ууд ч бий. Нүхэндээ чулуу хурааж байгаад анчны тавьсан хавхны улавчин дээр шидэж босгодог болон саргүй шөнө гарч идээшилдэг янз бүрийн тарваганууд ч байдаг гэлцдэг. “Тарвага алаад баяждаггүй, тамхи татаад хоосордоггүй” гэсэн бүдүүлэг цагийн нэгэн завхарсан үг ч бий. Гэвч монголчууд хорин сая тарвагаа алж устгаад хожим нь тэднийхээ дурсгалд зориулан нэг хүрэл хөшөөрхүү юм босгосон саяхны түүх буйг үл өгүүлэн аян замаа хөөж явтал холгүйхэн нэг том цагаан дошин дээр тарвага, хярс хоёр хөөцөлдөн тоглож байхыг харав. Дуран авч болгоовол, тэр хоёрын хажууд нэг хэнз мөндөл амьдын төдий хөдөлж ядан хэвтэнэ. Эх нагай алаг дааганаас ч дутуугүй түргэн хөдөлгөөнтэй хярсыг хөөхөөр үе үе мөргөн дайрах боловч хярс түүнийг тохуурхан хойно урд нь үсрэн гарч, мөндлийг нь булаан авахаар тэмцэлдэнэ. Мөндөл нүхэндээ орж чадахгүй болсон нь аль эрт хярсанд хазуулж, гэмтснээс зайлахгүй. Гэтэл тоглоом нь шоглоом болж, хярс ухасхийн мөндлийг шүүрэн авч зуугаад зугтлаа. Эх нь мөндлөө араатны амнаас салгаж авахаар хар чадлаараа хөөцөлдөвч, хөнгөн түргэн хөдөлгөөнтэй хярсыг яахан тийм амар гүйцэхсэн билээ. Үнэг, хярс чонын орхисон сэг, зэмээр хооллон түүний харцаар хөдөлж, далласан газар нь ил гарч, далайсан газар нь далд орж, сайн муу аргаас нь суралцдаг учраас хярс хөөрхий мөндлийг далан дээрээ үүрэн хар хурдаараа давхин одоход эх тарвага бараагүй хол хоцорч, нялх үрээ аврах горьдлого тасрав.
Би тэргээ асаан гүвээ даван далд орж яваа хярсны араас ухасхийн хурдалж, гүйцэн очоод мөндлийг түүний амнаас салгах санаатай чагнаалдан урдуур, хойгуур нь хэрэн хөндөлдөхөд, хярс дугуйн доогуур орж дайруулахын даваан дээр мөндлийг арга буюу дуртай, дургүй орхин давхин одлоо.
Бууж үзвэл, мөндөл амьтай төдийхэн дүхэлзэн амьсгалах нь сэхэх, үхэх нь тодорхой бус болсон байлаа. Энэ үед аахилж, амьсгаадсан эх тарвага, бидний араас гүйцэн ирж, хүн машин хоёроос айж эмээхийг мартан газар хэвтэж байгаа мөндлөө элгэндээ тэврэн авч, ам хамрыг нь долоон “үнсч” нулимс унаган гашуудахыг харсан бид хэдийн самсаа шархиран усан зэрэглээнд газар дэлхий дайвалзаад явчихав. Би мөнөөх мөндлийг тэврэн, эхийг нь дагуулан алхсаар дошин дээр нь авчирч тавиад эргэж харвал, нөгөө муу гайхал хярс аль хэдийнэ буцаад ирчихсэн, холгүйхэн алтан харганы ард нуугдан үр, зулзагаа энэ мэт булаалган өнчирсөн хөхүүл нагай, нялх мөндөл хоёрыг бүүр нэг элэг барьсан янзтай байж ядан чихээ соотогнуулан харан зогсч байх нь тэр.
Машинд ч уг нь буу, сум байгаа л юм сан …
2020.04.30

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН