Шинжлэх ухааны ажилтны өдрийг 2026 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс эрдэмтэн, судлаач, ажилтнуудын дунд тэмдэглэлт өдрийн арга хэмжээг зохион байгууллаа.
Арга хэмжээг НЭМҮТ-ийн захирлын албан үүргийг хавсран гүйцэтгэгч С.Гэрэлмаа нээж, шинжлэх ухаан, судалгаа шинжилгээний салбарын хөгжилд эрдэмтэн, судлаачдын оруулж буй хувь нэмэр, судалгааны ажлын ач холбогдлыг онцлон тэмдэглэлээ.
Баярын арга хэмжээний нээлтэд зочин илтгэгчээр Санхүү, эдийн засгийн их сургуулийн Ахисан түвшний сургуулийн профессор, доктор С.Бямбахорлоо “Шинжлэх ухаан, технологийн хөрөнгө оруулалтын эрүүл мэнд ба эдийн засагт үзүүлэх нөлөө” сэдвээр илтгэл танилцуулж, шинжлэх ухаан, технологийн хөгжил болон эрүүл мэнд, эдийн засгийн салбарын уялдаа холбооны талаар сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүллээ.
Шинжлэх ухаан, судалгаа шинжилгээ нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг тодорхойлох, нотолгоонд суурилсан бодлого, шийдвэр боловсруулах, хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагааны үндэс билээ.
Нийт эрдэмтэн, судлаачид, шинжлэх ухааны салбарын хамт олондоо Шинжлэх ухааны ажилтны өдрийн баярын мэнд хүргэж, эрдэм судлалын их үйлсэд нь өндөр амжилт, шинэ нээлт, бүтээлч ололт амжилтыг хүсэн ерөөе.






