Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойн хүрээнд Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулж буй “Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо
Монгол Улсын Төрийн дээд шагнал тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, академич С.Нарангэрэл “Их Засаг (Yasag) – ертөнцийн мөнхийн хууль” сэдвээр илтгэл тавилаа.
Тэрбээр илтгэлдээ зургаан сэдвийг хөндсөн юм. Тухайлбал, “XIII зууны сурвалж бичгүүдээс Их Засгийг эрэлхийлсэн нь” гэсэн хэсэгт Чингис хааны Засаг (хууль)-ийг үл өөрчилж, хадгалан баримтлах аваас Мөнх тэнгэр хишгээ хүртээж, өнө мөнхөд гэр хотлоороо энх амар, төрөл саднаараа түвшин жаргалтай байх болмуй хэмээн Судрын чуулганд онцлон тэмдэглэсний учрыг тайлахын тулд Их Эзэн Чингис хааныг энх тунх байх үеийн сурвалж бичгийг нягтлан судалсныг академич С.Нарангэрэл онцлоод, тэдгээр болон бусад олон сурвалж Чингис хааны Их Засгийн утга учрыг ойлгож ухаарах боломжтой болгосон гэв.
Гадаад, дотоодын судлаачид одоогийнх шиг бичмэл хууль байсан, эх нь олдохгүй байна гэсэн гаргалгааны үндсэн дээр “Засаг хууль”, “Их Засаг хууль”, “Чингис хааны Их Засаг хууль” хэмээсэн нэрийн дор судалгаа шинжилгээний ажлыг олон зууны туршид хийсээр ирснийг “Их Засаг ба эдүгээгийн бодрол” хэсэгтээ дурдав. Улмаар, Засаг гэсэн үг Их Монгол Улсын үед бичигдсэн исламын сурвалж бичгүүдээс үүдэлтэй байх бөгөөд энэхүү YASAG (ЯСА) гэсэн үг монгол хэлнээ “Засаг хууль” хэмээн хөрвүүлэгджээ. Засаг гэсэн үг Монголын нууц товчооны 11 зүйлд ч байгаа бөгөөд үгийн язгуур нь засах гэсэн үйл үг. Эл үг чухам ямар утга санааг агуулж байгааг XVIII зууны эхэн үед зохиосон “Хорин нэгтийн тайлбар толь”-д мууг сайн болгон халах, Тэнгэрийн доорх хэргийг шийтгэх хэмээн тайлбарласныг тэрбээр дурдлаа. Харин энэ бүхний эцэст гадаад, дотоодод нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн Их Засаг хууль чухам ямар агуулгатай байсан гэдэг асуудал өөрийн эрхгүй урган гарна гэдгийг тодотгов.
Тиймээс “Ёс суртахуун-Их Засгийн амин сүнс” гэсэн хэсэгтээ олон жилийн судалгааныхаа үр дүн болсон бүтээлүүддээ Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун юм байна гэсэн дүгнэлтэд хүрснээ онцолж байлаа.
Мөн “Их Засаг дэлхий дахиныг амар амгалан болгож байжээ” гэдгийг академич С.Нарангэрэл тодотгоод, дэлхий дахинд шударга ёс, энхийг шаардлагатай нутаг оронд тогтоочихоод монголчууд нутаг руугаа бушуу түргэн буцаад явчихдаг байсан гэв. Үүнийг Их эзэн Чингис хааны Хорезмын шахад явуулсан илгээлтээс жишээ татлаа. Уг илгээлтэд “Бидний хил хязгаар ойртож, өстөн дайснаас цэвэршээд, бүгд даган захирагдаж, хоёр тал айлсан суух нь хөдөлбөргүй болсон ажгуу. Хоёр тал эелдэх зам мөрийг гаргаж, таагүй явдал тохиолдоход нэг нэгэндээ тусламжийн гараа сунгаж, их замаар зорчин явахад айх аюулгүй болгон, дэлхийг цэцэглүүлэн хөгжүүлэх гол үүрэгтэй худалдаачдыг айван тайван ирж очиж байдаг болгохыг оюун ухаан, сайн санаа шаардах болвой. Чингэж хэлэлцэн тохирч чадваас айх ичих бүх шалтгаан үгүй болоод хахууль, зөрчил зөрөлдөөн дэврэх шалтаг устах буй заа” хэмээн бичсэн байдгаас эшлэв. Ингэж хоёр жарны туршид хүн төрөлхтөн Чингис хааны Их Засгийн ачаар амар амгалан аж төрж байсан нь бодит үнэн юм гэдгийг илтгэлдээ тодотгосон.
Мөн “Их Засаг л амар амгаланг хүн төрөлхтөнд дахин авчирна” гэсэн хэсэгт суут сэтгэгч Монтесько зарим улсад хууль тогтоогчдын гол зорилго нь ард олныхоо амар амгалан амьдралыг хангахыг эрмэлзэхэд оршмуй. Тэдний хүслээр хүн бүхэн бие биеэ дээдлэн хүндэтгэх, хүн бүхэн, хором бүр өрөөл бусдад юутай их өртэй билээ гэдгээ мэдрэх, аль нэг талаар бусад иргэнээс хамаардаггүй байх ёсгүй гэсэнд оршдог гэж бичсэнийг дурдаад, энэ нь Чингис хааны тогтоосон Их Засаг хуулийн амин сүнсийг хэлсэн хэрэг гэв.
Ийнхүү эрдэм шинжилгээний бага хурал Монгол Улсын гавьяат хуульч, Төрийн шагналт, шинжлэх ухааны доктор, профессор Д.Лүндээжанцангийн илтгэлээр үргэлжиллээ







