Зам бол Монголчуудын толгойн өвчин. Хөдөө орон нутагт ч зам нь там болсон, нийслэл Улаанбаатар хотдоо ч түгжрэл нь зовлон болсон улс.
Энэ асуудлыг арилгах гэж үе үеийн засгийн газар ямар нэг гайхалтай санаа бодож олсоор ирсэн боловч хэрэгжсэн нь тун ховор. Хэрвээ тэдний ажил биеллээ олдог бол өнөөдөр Монголчууд метрогоор явж замын түгжрэл гэдэг асуудлыг мартчихсан байх байлаа.
Гэтэл зам, түгжрэл асуудал хэвээр. Харин У.Хүрэлсүхийн Засгийн газар гайхалтай шинэ санаа бодож олсон нь Тэнгэрийн зам тавих.
Тодруулбал нийслэлийн А бүсэд 6-12 метрийн өндөрт 10 гаруй км урт, хоёр урсгал, дөрвөн эгнээ бүхий тэнгэрийн тойрог замыг барихаар шийджээ. Энэхүү замыг Сансарын аюулгүйн тойрог-Зүүн 4 зам-Нарантуул-Дүнжингарав-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-Хан-Уул дүүрэг-Нарны гүүр-Баруун 4 зам-Гэсэр сүм-100 айл-Сансарын тойрог гэсэн чиглэлээр барихаар төлөвлөсөн бөгөөд 800 сая ам.долларын өртгөөр босно.
Тэнгэрийн зам төслийг хэрэгжүүлэхэд Засгийн газар болоод орон нутгийн төсвөөс хөрөнгө гаргахгүй. 25 жилийн хугацаатай концессоор хийгдэнэ гэж зам тээврийн сайд Б.Энх-Амгалан мэдэгдсэн.
Хэрвээ энэ төсөл амжилттай хэрэгжвэл автозамын түгжрэл 46,5 хувь, агаарын бохирдол 20 хувь буурна хэмээн тооцоолжээ.
Монголчууд ийм зам барьж чадах л байх. Гэхдээ гэдэг бас л асуудал. Аюулгүй байдал талаасаа 6 давхар барилгатай тэнцэх хэмжээний газраас өндөрт өргөгдсөн замаар зорчиход иргэдийн аюулгүй байдалд хэн баталгаа өгөх вэ.
Газраар явдаг нийтийн тээврийн үйлчилгээ нь өнөөдөр төгс болоогүй, иргэд эвдэрхий, дуу чимээтэй, хүйтэн автобусаар зорчсон хэвээр байна. Газар дээр давхиж яваа автобус нь цахилгааны гэмтэл гараад шатчихдаг. Энэ жишээгээр хэдийг ч тэнгэрт өргөв.
Монгол улс жилд хагас сая хүнээ зам тээврийн ослоор алддаг. Энэ тоон дээр тэнгэрийн зам нэмэгдэхгүй гэсэн баталгааг хэрхэн гаргах вэ.
Дараагийн асуулт нь хэтэрхий өндөр өртөгтэй зам хэнд ашигтай вэ.
Замын хөрөнгө 800 сая ам доллар буюу 2,2 их наяд төгрөгөөр ердөө 13 км зам тавих нь. 1 км замыг 60 гаруй сая доллар буюу 170 тэрбум төгрөгөөр барина гэсэн үг. Гэтэл хатуу хучилттай 1 км замыг 1 тэрбумаар тавьдаг гэвэл энэ мөнгөөр хэдэн аймаг сумдынхаа замыг жимбийтэл засахад хангалттай хүрэх нь.
Аль эсвэл энэ мөнгөөр өөр бүтээн байгуулалт хийе гэж тооцвол Монгол улсад шинээр 2000 цэцэрлэг шинээр барьж, 120 айлыг байртай болгох боломжтой 500 барилга босгох, хоёр дагуул хот байгуулчих хэмжээний хөрөнгө яригдаж байна. Ийм өндөр зардлаар бид нийслэл хотдоо тэнгэрийн тойрог замаар давхих болох нь.
Үүнээс өөрөөр замын түгжрэлийг бууруулах олон шийдэл бий. Гэвч 25 жилийн хугацаатай концессын гэрээнд барьцаалагдаж зам тавиад түүнийгээ зорчигчдоос 15 центын хураамж төлнө гэдэг нь эргэлзээтэй. Ингэж босгосон тэнгэрийн замынхаа барьцаанд бас нэг уул ус, байгалийн ордоо барьц болгон өргөх болох вий.
Түүний оронд энэ мөнгөөр Улаанбаатар хотын гол замуудыг гэрлэн дохиогүй болгож шууд нэвтрүүлдэг болгох боломжтойг авто замын инженерүүд дэвшүүлсэн байдаг.
Саппорогийн тойргоос Офицеруудын ордон хүртэл төв зам дагуу 13 уулзвар байдгыг гэрлэн дохиогүй болгож шууд дээгүүр, доогуураа нэвтрэх зогсохгүй шулуун явах замын систем хийчих юм бол Улаанбаатар хотын авто замын түгжрэл 60-70 хүртэл хувиар буурч болохыг учир мэдэх хүмүүс нь ярьдаг.
Энэ мэт амьдрал дээр арай агаартай буух бодит санааг хэрэгжүүлэхийн оронд тэнгэрийн зам тавина хэмээн хэт дээгүүр дуугарсан нь сонгууль угтсан шоу байхыг ч үгүйсгэх аргагүй.
Адаглаад наад зах нь амьдын там болж иргэд жолооч нарын амь нас эрүүл мэндийг хохироож байгаа Дарханы зам, цаашлаад бусад аймаг орон нутгийн замуудаа сайжруулах шаардлага байж л байна.
Буух гэж байгаа засгийн буцаж ирэх гэсэн нүүдэл арай л тэнгэрийн санаа юу?