Нүүр хуудасМэдээУИХ: УИХ-ын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон...

УИХ: УИХ-ын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын урилгаар Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар өнөөдөр /2026.09.22/ Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ.

УИХ-ын дарга С.Бямбацогт уулзалтын эхэнд Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргын түвшинд 15 жилийн дараа хэрэгжиж буй албан ёсны айлчлал хоёр улсын болоод парламент хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх чухал алхам гэдгийг онцлон тэмдэглэв.

Хоёр улс ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс, зах зээлийн эдийн засгийг дээдэлсэн нийтлэг үнэт зүйлстэйг УИХ-ын дарга тодотгоод, Монгол Улсын гуравдагч хөрш болох Австрали Улстай харилцааныхаа цар хүрээг өргөжүүлж, улс төрийн яриа хэлэлцээг тогтмолжуулан, эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн төлөө буйгаа илэрхийлсэн юм.

Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик, энэ удаагийн парламентын даргын айлчлал нь хоёр орны хамтын ажиллагаанд томоохон ахиц гарсны илэрхийлэл гэдгийг онцолсон.

Тэрбээр ирэх онд хоёр улс дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохионо гэдгийг тэмдэглэсэн. Энэ хугацаанд хоёр орны хооронд стратегийн, улс төрийн, эдийн засгийн болон хүн хоорондын харилцаа өргөжин тэлсээр ирснийг дурдаад, энэ удаагийн айлчлал дээрх харилцааг шинэ түвшинд гаргана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

УИХ-ын дарга С.Бямбацогт Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дүнд бий болсон 126 гишүүнтэй парламентын талаар танилцуулж, иргэдээ сонсдог, ил тод, нээлттэй парламентыг төлөвшүүлэхэд Австрали Улсын туршлага чухал гэдгийг тодотгосон. Түүнчлэн Австралийн парламентын баталсан Нийгмийн сүлжээнд хүүхдийн эрхийг хамгаалах, Залилангаас урьдчилан сэргийлэх хуулиудаас туршлага судлах хүсэлтэй байгаагаа уламжилсан юм.

Тэрбээр уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга С.Бямбацогтод Австралийн Холбооны Улсад албан ёсны айлчлал хийх урилгыг гардууллаа хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН