Украины эзлэгдсэн нутгуудад зохион байгуулагдсан бүх нийтийн санал хураалт өчигдөр өндөрлөж, оролцсон иргэдийн дийлэнх хэсэг ОХУ-д нэгдэх санал өгснийг Москвагаас томилогдсон төлөөлөгчид мэдээлжээ.
Тухайлбал Запорожье мужид санал хураалтад оролцсон иргэдийн 93, Херсонд 87, Луганск мужид 98, Донецк мужид 99 хувь нь ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгдэх хүслээ илэрхийлсэн гэнэ.
Москвагаас зохион байгуулсан санал хураалтын дүн ингэж гарах нь урьдаас тодорхой байсан юм.
Ингэснээр долоон сар үргэлжилсэн Украиныг эзлэн түрэмгийлэх дайн илүү аюултай шатанд шилжиж байна.
Өөртөө нэгтгэсэн нутаг дэвсгэрийг хамгаалахын тулд ОХУ илүү их цэрэг, зэвсгийн хүч оруулах, цөмийн зэвсэг хүртэл хэрэглэх боломж нээгдэх юм.
Санал хураалтын үр дүнгийн талаар ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ирэх Баасан гарагт парламентдаа мэдэгдэл хийх төлөвтэй байна. Оросын парламентын дээд танхимын дарга Валентина Матвиенко шинэ газар нутгийг бүрэлдэхүүнд нэмж оруулах асуудлыг аравдугаар сарын 4-ний өдөр хуульчлах тухай мэдээлжээ.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өчигдөр хэлэхдээ “санал хураалтын дараа нэгтгэгдсэн нутаг дэвсгэрийн аюулгүй байдлыг хангах асуудал хууль эрх зүй, олон улсын дүрэм журам талаасаа эрс өөрчлөгдөх болно” гэсэн байна.
Өрнөдийн орнууд болон Украины засгийн газар энэхүү санал хураалтыг “хуурамч” гэж үзэж байгаа.
Мягмар гарагийн орой НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөл хуралдаж, санал хураалтын үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй, эзлэгдсэн дөрвөн муж Украины газар нутагт хэвээр тооцогдоно гэсэн агуулгатай тогтоолын төслийг хэлэлцэхээр болжээ.
Тус зөвлөлийн байнгын гишүүний хувьд ОХУ уг тогтоолд хориг тавих нь тодорхой юм.
Эх сурвалж: Associated Press