Даян Дэлхийн энх тайвны төлөө тив дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 18 орны төрийн далбаа ‘’Тавантолгой’’ дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд нэгэн зэрэг мандаж ‘’Хааны эрэлд-2026’’ энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль албан ёсоор нээлтээ хийлээ.
Сургуулийн нээлтийн ажиллагаанд УИХ, Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Д.Батлут, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал С.Ганбямба болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын дарга нар, төрлийн цэргийн командлагч, удирдах газрын дарга нар, Монгол улсад суугаа Элчин сайдууд, цэргийн атташе нар тэргүүтэй хүндэт зочид болон гадаадын 18 улс орны 1,100 гаруй цэрэг дайчид, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцлоо.
Монгол Улс болон Америкийн Нэгдсэн Улсын батлан хамгаалах салбар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хоёр талын хамтарсан хээрийн сургууль хэлбэрээр анх зохион байгуулагдсанаас хойш жилээс жилд өргөжин хөгжиж олон улсын статустай болон 20 жилийн ойтойгоо золгож буй.
Түүнчлэн ‘’Хааны эрэлд’’ сургуулийг үүсгэн байгуулж, 20 жилийн турш тасралтгүй хөгжүүлэхэд өндөр хувь нэмэр оруулсан АНУ-ын Энэтхэг-Номхон далайн цэргийн командлал, хамтрагч улс орнууд, олон улсын байгууллагууд болон үе үеийн зохион байгуулагчдын тууштай зүтгэлийн үр дүн юм.
Тус сургууль нь энхийг эрхэмлэсэн Монгол Улсын гадаад бодлогод томоохон байр суурийг эзэлж, эвийн хүч, эв найрамдал, найрсаг харилцаа, дипломат аргаар энх тайвныг сахин хамгаалах дуу хоолойгоо даян дэлхийд түгээхийн зэрэгцээ Монгол Улсын Зэвсэгт хүчний сургалт, бэлтгэл, үүрэг гүйцэтгэх чадавх болон дэлхийн олон орны энхийг сахиулагчдын мэдлэг, ур чадвар, дадлага туршлагыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой сургууль юм.





