Нүүр хуудасМэдээХЗДХЯ: Мөрдөгчийн бие даасан хараат бус байдал, мөрдөн шалгах ажиллагааны чанар, үр...

ХЗДХЯ: Мөрдөгчийн бие даасан хараат бус байдал, мөрдөн шалгах ажиллагааны чанар, үр дүнг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана

Мөрдөн шалгах албаны 80 жил, Мөрдөгчийн өдрийн 100 жилийн ой өнөөдөр тохиож байна. Түүхэн ойг тохиолдуулан Монгол Улсын Төр Мөрдөн шалгах албаны олон жилийн хөдөлмөр, гавьяа зүтгэлийг өндрөөр үнэлж, Монгол Улсын төрийн дээд шагнал “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнав.

Мөн албандаа нэр төртэй зүтгэсэн алба хаагчдад шагнал гардууллаа.

Хүндэтгэлийн арга хэмжээнд ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан, дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ, ТНБД-ийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батбямба тэргүүтэй хүмүүс оролцов.

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан алба хаагчдад хүндэтгэл үзүүлж хэлсэн үгэндээ “Монгол төрийн хууль цаазыг сахиулж, шударга ёсыг хамгаалах эрхэм үүргээ нэр төртэй биелүүлж буй та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилж, Мөрдөн шалгах алба үүсэж хөгжсөний түүхт 80 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Цагдаагийн байгууллагын Мөрдөн шалгах алба бол хохирсон иргэний эрхийг сэргээх, үнэнийг тогтоож, шударга ёсыг хэрэгжүүлэхийн төлөө мэргэжлийн ур чадвар, тэсвэр хатуужил, залуу нас, оюун ухаанаа шавхан дайчилдаг асар хариуцлагатай, хүндтэй алба билээ. 

Энэхүү амаргүй албыг хашихаар төрдөө өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж яваа алба хаагч, тэдний ард ойлгон дэмжиж, хүнд цаг мөч бүрд түшиг тулгуур нь болж ирсэн гэр бүл, хань ижил, үр хүүхдүүдийн хайр, тэвчээр, зүтгэл, үнэний төлөөх цуцашгүй итгэл хамт явдаг болохоор энэхүү түүхэн ойн мөчийн баярыг бахархал, талархлын хамт та бүхэнд хүргэж байна. Монгол Улсын төр Мөрдөн шалгах албаны 80 жилийн түүхэн замнал, олон жилийн хөдөлмөр, гавьяа зүтгэлийг өндрөөр үнэлж, төрийн дээд шагнал “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнаж байна. Энэхүү шагнал нь та бүхний эх орон, ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, гэмт хэрэгтэй тэмцэх, хууль ёсыг бэхжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг төрөөс хүндэтгэн үнэлж буйн тод илэрхийлэл юм.

Та бүхнээс хуулиа баримтлахыг, нотлох баримтад тулгуурлахыг, хүний эрхийг хүндэтгэн хамгаалахыг, хохирогчийг орхигдуулахгүй байхыг, гэм буруугүй хүнийг хэлмэгдүүлэхгүй байхыг, хууль бус нөлөөлөлд автахгүй байх,  Өөрийн эзэмшсэн мэргэжил, ажил, албан тушаалаараа далайлган иргэн, аж ахуйн нэгжийг дарамталсан, шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй байхад нэр төрд нь халдах ажиллагааг зохион байгуулсан, эх сурвалж болсон, аж ахуйн нэгжүүдийг дампуурахад хүргэсэн үйлдэл, эс үйлдэл гаргасан хэнтэй ч Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүй, дотоод хэргийн сайд эвлэрэхгүй гэдгээ энэ ташрамд мөн мэдэгдье. Гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, эрх нь зөрчигдсөн, амь нас, эд хөрөнгөөрөө хохирсон, хилс хэрэгт гүтгэгдсэн иргэнийг цагаатгах эрхийг хангуулах нь та бүхний мэргэжлийн нэр хүнд, мөрдөх албаны тугаа өндөрт өргөх үйл хэрэг юм шүү” хэмээсэн юм.

Хууль зүй, дотоод хэргийн яам Мөрдөн шалгах чиг үүрэг бүхий байгууллагуудын мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөнийг энэ оны зургаадугаар сарын 22-ны өдөр зохион байгуулж, мөрдөгчийн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, мөрдөгчийн бие даасан хараат бус байдал, мөрдөн шалгах ажиллагааны чанар, үр дүнг нэмэгдүүлэх чиглэлээр ажлын хэсэг байгуулж хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр 10, мөрдөн шалгах ажиллагааны чанар, үр дүнг нэмэгдүүлэх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх чиглэлээр 9, нийт 19 ажил, арга хэмжээ зохион байгуулан ажиллаж байна.

Цагдаагийн байгууллагад 2026 оны эхний найман сарын байдлаар нэг жилээс дээш хугацаатай 30,319 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 18,931 буюу 62.4 хувийг шийдвэрлэж, шийдвэрлэлт тогтмол өссөн эерэг үр дүнтэй байна.

Мөрдөгчдийг мэргэшүүлэх ажлын хүрээнд эдийн засаг, виртуал хөрөнгө, цахим залилан зэрэг тодорхой төрлийн гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаанаас гадна олон улсын туршлагыг судалж, нэвтрүүлэх чиглэлээр сургагч багш бэлтгэх болон зохион байгуулах сургалтын хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж байна.

Банк болон банк бус санхүүгийн байгууллагын дансны хуулгад дүн шинжилгээ хийх, баримт бичгээс хэрэгцээт мэдээллийг тодорхойлох ажилд хиймэл оюун ухаанд тулгуурласан программ хангамжийг нэвтрүүлэх ажлын хүрээнд программ хангамж боловсруулж, эхний байдлаар дансны гүйлгээний мэдээлэлд богино хугацаанд дүн шинжилгээ хийх, мэдээлэл боловсруулах зориулалттай “casemate.police.gov” программыг хийж, туршилтын журмаар ашиглаж байна.

Мөн хууль зүйн салбарын алба хаагчдынхаа тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхээр шат дараатай арга хэмжээг Хууль зүй, дотоод хэргийн яам, Засгийн газраас авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, 15 мянган айлын орон сууц, түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөр зэргийг хэрэгжүүлж орон сууцны урьдчилгааг 10 хувь болгохоор ажиллаж байна. Мөн үндсэн цалинг цалинг 10-15 хувь, онцгой нөхцөлийн нэмэгдэл 30 хувь, хоолны нэмэгдэл 50 хувьд хүргэхээр ирэх оны төсөвт суулгуулахаар ажиллаж байна.

Монгол төрийн түүхийн амаргүй цаг үе бүхэнд төрт ёс, хууль ёсыг сахиулах, ард иргэдийнхээ амар тайван амьдрал, эрх, эрх чөлөөг хамгаалах үйл хэрэгт өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж ирсэн үе үеийн удирдлага, ахмад ажилтан, мөрдөгч, алба хаагч та бүхэнд Монголын төр, ард түмний нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН