Нүүр хуудасМэдээЦэргүүд нь Херсон хотоос ухрах гэж байгааг Оросын албаны эх сурвалж ярьжээ

Цэргүүд нь Херсон хотоос ухрах гэж байгааг Оросын албаны эх сурвалж ярьжээ

Москвагаас томилогдсон орон нутгийн захирагч Оросын цэрэг Херсон хотоос ухрах нь тодорхой болсон талаар өчигдөр хэвлэлд ярьжээ.

“Манай анги нэгтгэлүүд, манай цэргүүд зүүн эрэг рүү ухрах нь үндсэндээ тодорхой боллоо” гэж Оросын хяналтад байгаа Херсон мужийн дэд захирагч Кирилл Стремоусов өчигдөр Solovyov Live онлайн сэтгүүлд ярьсан байна.

Днепр мөрний баруун эрэгт Херсон мужийн төв Херсон хот оршдог. Херсон бол өнөөдрийг хүртэл Оросын хяналтад байгаа Украины хамгийн том хот юм.

Хэрвээ Оросын цэрэг тус хотыг орхиж ухарвал энэ нь Москвагийн эрх баригчдын томоохон ялагдал болно.

Днепр мөрний баруун эрэгт бас Крымийн хойгийг усаар хангадаг томоохон далан байрладаг.

Өмнө нь Оросын албаныхан цэрэг нь Херсоноос ухрах гэж байгаа тухай мэдээллийг эрс няцаадаг байсан юм.

Өчигдөр бас интернэтэд Херсон хотын захиргааны барилга дээрээс ОХУ-ын төрийн далбааг буулгасныг харуулсан гэрэл зураг тарсан байна.

Гэхдээ Украины эрх баригчид үүнийг Оросын талаас санаатай тараасан зураг, урхи байж болзошгүй хэмээн анхааруулжээ.

“Энэ нь хот сууринуудыг орхин гарсан мэт сэтгэгдэл төрүүлэх зорилготой урхи байж болзошгүй. Ингэх зуураа тэд гудамжны тулаанд бэлдэж байх магадлалтай. Дайсан ухарч, иргэдийг бүрэн нүүлгэн шилжүүлсэн гэх ойлголтыг бидэнд төрүүлэхийг хичээж байгаа ч бид Херсоны чиглэлд үргэлжлүүлэн тулалдах болно” гэж Украины өмнөд цэргийн командлагчийн хэвлэлийн төлөөлөгч Наталья Гуменюк телевизээр ярьсан юм.

Өчигдөр бас АНУ-ын батлан хамгаалахын сайд Ллойд Остин хэлэхдээ Украины зэвсэгт хүчин “Херсон хотыг чөлөөлж чадна” гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн нь өнөөдрийг хүртэл энэ талаар түүний амнаас гарсан хамгийн өөдрөг үг байлаа.

Украиныг дундуур нь хуваадаг Днепр мөрний баруун эрэг дэх эзэлсэн газраа хадгалж үлдэхийн тулд Оросын арми сүүлийн хэдэн сарын турш тулалдаж байгаа. Москвагийн эрх баригчид энэ тулаанд өндөр ач холбогдол өгч, хэдэн арван мянган цэрэг нэмж илгээсэн юм.

Украины арми мөрнийг гатлах гол замууд руу довтолсноор баруун эрэгт зэр зэвсэг, хангамж хүргэх боломжийг нэлээд сулруулаад байна.

Аравдугаар сарын эхээр Оросын тал баруун эргийн оршин суугчдыг эзлэгдсэн нутгийн гүн рүү нүүлгэж эхэлсэн бол одоо зүүн эрэг дэх 15 км өргөн буферийн бүсээс бас иргэдийг нүүлгэх шийдвэр гаргаад байгаа.

Киевийн эрх баригчид Оросын тал иргэдийг хүчээр нүүлгэн шилжүүлж буй үйлдлийг “дайны гэмт хэрэг” гэж үзэж байна.

Өчигдөр Германы Мюнстер хотод уулзсан Их Долоогийн гадаад хэргийн сайд нар Украиныг үргэлжлүүлэн дэмжихээ илэрхийлцгээсэн юм.

Энэ үеэр Европын Холбооны гадаад бодлогын тэргүүн Жозеп Боррел “Путиний Орос улс Украиныг сүйрүүлж байна. Тэд Украиныг эзэлж, тулааны талбарт ялж чадахгүйгээ мэдээд одоо тус улсыг системтэйгээр сүйрүүлэх арга хэрэглэж байна” гэж иргэний дэд бүтэц, эрчим хүчний байгууламжуудыг бөмбөгдөж буй үйлдлийг нь шүүмжилжээ.

Эх сурвалж: Reuters

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН