Нийтлэлч: Оргилмаа
-Хөгжлийн банктай байгуулсан шинэ гэрээний эздийг “Дубайн гэрээнийхэн”-ээс дутахааргүй тавилан хүлээж буй-
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ өнөөдөр хуралдаж “Чоно борооноор” гэгчээр ноцтой хэдэн асуудал шийдчихлээ. Компанийн ТУЗ-ийн даргаар ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Б.Ганбат, Эрдэнэс Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү, Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар, хэлтсийн дарга Б.Тэлмүүн, ЗГХЭГ-ын Хяналт-шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Э.Бат-Идэр, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ч.Анун, БОАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, ТУЗ-ийн хараат бус гишүүн Д.Энхжаргал нар багтдаг.
ТУЗ-ийн хурлын эхэнд ТУЗ-ийн хороодын бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах асуудлыг хэлэлцсэн. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулж Монголбанкны дэд ерөнхийлөгч асан Д.Энхжаргал, Б.Амарсанаа, Д.Нацагдорж нарыг томилжээ. Харин Дэд захирлыг ирэх лхагва гаригт томилохоор болсон байна
Засгийн газар өчигдрийн хуралдаанаар “Эрдэнэс бонд” гаргах асуудлыг шийдвэрлэсэн. Харин Засгийн газрын хуралдааны мэдээнд энэ талаар ганц үг ганхийгээгүй байна. Ингээд өнөөдөр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн хурлаас “Эрдэнэс” бонд гаргахаар шийдвэрлэжээ. Мөн “Эрдэнэс Монгол” ХХК арилжааны банкуудтай “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн үүргийг үнэт цаас гаргаж төлөх гэрээ”-нд гарын үсэг зурах эрх олголоо” гэсэн гэнэтийн мэдээллүүд уг ТУЗ-ийн хурлаас дуулдлаа. Ингэхэд “Эрдэнэс Монгол” ХХК энэхүү “үр могой” шиг шийдвэрүүдийн эрсдлийг даах чадвартай юу?
Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ жилийн үдэш мэндчилгээ нь “хийцгүйрээд” Тэтгэврийн зээл тэглэх шийдвэр дуулгаснаас хойш өнөөг хүртэл УИХ, Засгийн газар тасралтгүй туугдаж ажилласаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн нуруун дээр ачаа ирээд байгаа нь энэ. Товчхондоо стратегийн чухал ач холбогдолтой ордуудыг эзэмшиж буй төрийн өмчит ганц толгой компаниа арилжааны банкуудын барьцаанд тавьчихлаа шүү дээ
Зөвхөн энэ ч биш. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн өнөөдрийн хурлаас Хөгжлийн банктай байгуулах зээлийн гэрээнд гарын үсэг зурах эрхийг зөвшөөрсөн. Замын төлбөр болох 160 тэрбум төгрөгийн үндсэн зээл. Хүү нь 6 хувь байсан бол одоо 9 хувь болох гэж байна. Уг нь сүүлийн 3 жилд 160 тэрбум төгрөгийн орлого олсон боловч өрөө төлөх боломж өгөлгүй байсгээд шинээр байгуулагдах арав гаруй охин компанийг тэжээсээр явна. Энэхүү үндсэн зээл, зээлийн хүүнүүдийн зэрэгцээ бондын хүү төлөх болж байна. Тэгэхээр энэ “азгүй” гэрээнд гарын үсэг зурж буй дарга, эрх мэдэлтнүүдийг “Дубайн гэрээнийхэн”-ээс дутахааргүй тавилан хүлээж буй биз ээ.
“Багануур”ХК, “Шивээ-Овоо” ХК-иудад техник, технологийн шинэчлэлт хийх зориулалтаар Японы Улсын Олон улсын хамтын ажиллагааны банк /JPIC/-аас 50 сая ам.долларын зээл авахад “Эрдэнэс Монгол” ХХК хамтран зээлдэгчээр оролцохоор болсон. Үүнд Сангийн яам заавал “Эрдэнэс Монгол” ХХК-ийг батлан даахыг шаардсан юм билээ. Түүнчлэн уг хурлаар тус компанийн үйл ажиллагааг сайжруулах, менежментийн чадавхийг бэхжүүлэх төслийн 2020 оны төсөв, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг батлах, Канад улсад болох Хайгуул олборлогчдын холбооноос зохион байгуулдаг хөрөнгө оруулагчдын чуулганд оролцох зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Ийнхүү мэдээгүй, үзээгүй “шинэ учрал” олонтой, өмнөх он жилүүдэд ярьсаар зорьсоор ирснийг ажил хэрэг болгохоор сонгуулийн жилд хөөсрүүлж хөөрүүлэн дайрч эхэллээ. Зарим талаар сайн хэрэг. Харин тооцоо судалгаа, нөлөөллийн хувьд хэр чамбай хандаж байгаа бол. Өөрийн орны болон нөлөөлөл ихтэй хөршүүдийнхээ эдийн засгийн нөхцөл байдал, амин үзүүлэлтийг хэр нарийвчилж тооцсоны үндсэн дээр баялгийнхаа өрмийг хамаад хадгалуулчихсан “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нуруун дээр сонгуулийн амлалтаа, ард түмний амьжиргаатай хамт аччихаад арилжааны банкуудын барьцаанд тавьчихав аа гэдгийг заавал бодож үзүүштэй, тогтож ярих шаардлагатай байх гэсэн эмзэглэл төрж байна.
У.Хүрэлсүхийн Засгийн газар олон эрсдэлтэй тулгарч байгаагийн нэг нь “Саарал жагсаалт”-д орсон явдал. Энэ бол дүгнэж цэгнэхдээ хойрго байгаагаас биш бодит эрсдэл яах аргагүй мөн. Арилжааны нэг банк дампуурсан. Ариг банкинд БЭТ томилсон. Энэ ч гэсэн нэг Засгийн газарт томдохоор эрсдэл боловч МАН-ын Засгийн газар даанч тоохгүй байгаа нь анзаарагдаж байна.
Макро эдийн засгийн талаар ам уралдаж, цэц булаалдан таамаглал дэвшүүлж, түүнийгээ тойрч мэтгэлцдэг эдийн засагчид хаачив? Асуудал бүхнээ ОУВС, Дэлхийн банк, эсвэл БНХАУ-ын буцалтгүй тусламжаар шийддэг улс боллоо. ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх хөтөлбөр бараг л минут тоолох шахам дуусах хугацаагаа хүлээж байна. Энэ бол амжилт биш боловч амжилт олсон мэт амар тайван харагдана.
Ямартай ч коронавирус, Н.Номтойбаяр гишүүнийг түдгэлзүүлэх шийдвэр, сонгуулийн тойргийн маргаан гэсээр арилжааны банкуудтай гэрээ байгуулж үнэт цаас гаргаж тэтгэвэр барьцаалсан зээлийг төлүүлэх нь. Харин бондын хүү, Хөгжлийн банкны зээл, зээлийн хүү хэвээрээ гэдгийг хаанахын ямар цоорхойгоор нөхөх вэ? Гоё нэр өгөөд л захирлууд томилоод байсан охин компаниудыг яах вэ? Наанаа гоё харагдах ч цаанаа бөөн асуудал дагуулсан хачин шийдвэрүүд үргэлжилсээр УИХ-ын сонгуультай золголоо.
Сонгуулийн тойргийн маргаан ид өрнөж намаасаа хэнийг хөөх вэ. Ямар шалтгаар явуулах вэ? Яавал Б.Дэлгэрсайхантай муудалцахгүйгээр тойргийг нь хэвээр үлдээх вэ гэж салан тусгаарлах арга бодож олохдоо Дундговь, Говьсүмбэр аймгийг нэг тойрог болгох гэхчлэн улам бантагнуулсаар. Ийнхүү улс төрөө ч, эдийн засгаа ч бантагнуулсан Ерөнхий сайд, МАН-ын даргад түшиг болох зөвлөх ч алга. Бүхнийг шийдэх хамгийн том нь, бүхэнд буруутах цорын ганц эзэн нь болж харагдана.
Магадгүй У.Хүрэлсүхээс тэвчээр муутай нэгэн бол яг одоо л “Манай Засгийн газар хариуцлагаа хүлээж байна” гээд танхимаа тараагаад намын даргаа ажлаа хийгээд явбал арай дээр хувилбар байж мэднэ. Учир нь тэр Ерөнхий сайдын албан тушаалаас болоод л тал талд барьцаалагдаад юуг хаанаас эхлэх, хаана яаж дуусгахаа мэдэхээ больчихсон харагдана. Энэ Засгийн газрын үед “Эдийн засаг” гэдэг үгийг мартах шахаж байна. Өөрийнхөөрөө шийдэхээр тааруу үр дүн, өрөөлийнхөөр буюу ҮАБЗ-өөр шийдсэн нь “Үл мэдэх цэцэгхэн хотхонд” гэдэг шиг Сангийн сайд нь савж унамаар эрсдэлд баглагдсан байх жишээний. Түүнд таван сар орчмын хугацаа байна. Ингэж хугацаа хүлээсэн Засгийн газрыг “Үүрэг гүйцэтгэгч” гэдэг билүү.