Үндэсний аудитын газар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны санхүүгийн нэгдсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийж хязгаарлалттай дүгнэлт гаргасан байна. Тодруулбал, аудитаар 262 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн бөгөөд энэ нь материаллаг түвшнээс давсан учир “ХЯЗГААРЛАЛТТАЙ” дүгнэлт өгчээ.
Учир нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дарга Г.Ёндон тендерийн шаардлагаа өөрчилж, ашиг сонирхлын зөрчилтэй хүнийг 4.8 тэрбумын тендерт шалгаруулж 300 вагон түрээслэхээр болсон нь аудитаар ил болсон байгаа юм. Тус үйлдвэрийн 49 хувийн хувьчлалтай холбогдож ажлаас халагдсан гэх Хангамжийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Н.Энхбаясгалангийн удирддаг “Төмөр замын зураг төслийн интститут” ХХК тус тендерийн 9 багц буюу 4.8 тэрбум төгрөгийн тендерт шалгарч, шинэ жилийн баяртай зэрэгцэн гэрээгээ хийсэн байх юм.

Хуулийн этгээдийн нээлттэй мэдээллийн сангаас харахад Н.Энхбаясгалан нь “Төмөр замын зураг төслийн интститут” ХХК-ийн захирлаар 2022.04.26-аас томилогдон ажиллаж эхэлжээ.
Аудитаар нийт 262 тэрбум төгрөгийн 53 зөрчил илэрснээс 18.2 сая төгрөгийн зөрчилд 1 төлбөрийн акт тогтоож, 225 тэрбум төгрөгийн зөрчилд 37 албан шаардлага хүргүүлж, 27.6 тэрбум төгрөгийн зөрчилд 14 зөвлөмж, 9.3 тэрбум төгрөгийн зөрчилд хариуцлага тооцуулах 3 албан шаардлага хүргүүлсэн байна.
Тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас Засгийн газрын тогтоол, “Улаанбаатар төмөр зам” ХНН тоот албан бичигт үндэслэн 2 сарын вагон түрээсийн үйлчилгээнд 6 тэрбум төгрөгийг төсөвлөн тендер зарлаж сонгон шалгаруулалт хийсэн.
Ингэхдээ техникийн тодорхойлолтод зөвхөн ОХУ-ын 12-132 загварын хагас вагон эсвэл түүнтэй дүйцэхүйц гэсэн төрлөөр 350 вагон гэж тендер зарлалгүй үндэслэлгүйгээр 19-50 ширхэгээр хуваан 10 багцалж, ижил төстэй ажил хийсэн байх шаардлагыг огт оруулалгүй хасаж, сонгон шалгаруулалт явуулсан гэдэг тайлбар зүүсэн гэж аудит тогтоожээ.
Харин гүйцэтгэлээр 9 багцын 300 вагоны түрээсийн тендерт “Төмөр замын зураг төслийн интститут” ХХК шалгарч, 2025 оны 12 сарын 28-ны өдөр 4.8 тэрбум төгрөгийн гэрээ, 1 багцад 50 вагон түрээслэхээр “Дулаанвинг” ХХК шалгарч 2026.01.26нд 850 сая төгрөгийн гэрээг тус тус байгуулсан байна.

2025 онд Үндэсний аудитын газраас зайлшгүй шаардлагатай бус төсвийг баталсан, тендерийн шаардлагыг бууруулсан, тендерт өрсөлдөж байгаа ААН-ийн эцсийн өмчлөгч хамаарал бүхий этгээдийг тогтоож, ашиг сонирхлын мэдүүлгийг үнэн зөвөөр мэдүүлээгүй гэсэн дүгнэлт гаргаж шаардлага хүргүүлжээ.





