Эрх ямба, дархан эрхтэй Ж.Алдаржавхлан Хан-Уул дүүрэгт “ХААН” суужээ. Хан-Уул дүүрэг иргэдэд газартай холбоотой үйлчилгээгээ бараг “зогсоогоод” хэдэн жил болж байна. Үүнийг доорх иргэдийн сэтгэгдэл нотлож байгаа юм.
ХУД-ийн засаг дарга Ж.Алдаржавхлан жирийн иргэдийн эрхийг уландаа гишгэж, нууц захирамж гаргасан асуудлыг дахин эрэн сурвалжилж байна.
Үндсэн хуулинд цагаан дээр хараар Монгол хэлээр төрийн байгууллага, албан тушаалтан иргэдийн өргөдлийг заавал хүлээн авч шийдвэрлэх үүрэгтэйг заасан. Энэ заалтыг Улсын Ерөнхийлөгчөөс эхлээд бүх шатны албан тушаалтан заавал биелүүлэх үүрэгтэй. Гэтэл Хан-Уул дүүрэгт МАН-аас гарсан Ж.Алдаржавхлан хуулийг үл тоож 5 удаагийн захирамж гаргаж иргэдийг хясан боосоор 5 жил болсон байна.
Өмнө нь АН-аас сонгогдсон Ж.Ганхуяг тус дүүргийн засаг дарга байхдаа элдэв хэл амгүй газрын захирамжуудыг хурдан гаргадаг байсан гэж иргэд, газрын албаныхан ярьдаг юм билээ. Гэтэл олноос нуугдаж явдаг Ж.Алдаржавхлан дур зоргоороо аашилж, иргэдийн үндсэн хуулиар олгогдсон эрхийг зөрчиж, төрийн байгууллагын хуулиар хүлээсэн үүргийг уландаа гишгэж байна.
Тус дүүргийн газар зохион байгуулалтын албаны цахим хуудаснаа иргэдийн өргөдлийг авахгүй байгаа, хэдэн, жилийн өмнө өгсөн өргөдлийг одоо хүртэл шийдээгүй, өргөдлийн хариу, хугацаа сунгуулах, эрх шилжүүлэх асуудлуудыг шийдэхгүй байна гэсэн асуултууд дүүрэн байгааг энд харж байна. Гэтэл үүнд ямар хариулт өгөхөө газрын албаныхан мэдэхгүй таг чиг “дүлий дүмбэ” нууцаар гарсан захирамжуудыг мэдэхгүй сууж байх юм.
Өмнө нь мэдээлснээр эрхэм засаг дарга Ж.Алдаржавхлан нь 2020, 2021 онуудад А/32, А/153, А/279, А/345, А/439 гэсэн захирамжуудыг цувруулан гаргаж иргэдээс газартай холбоотой өргөдөл хүлээн авахгүй байхыг үүрэг болгосноос болж өнөөдрийг хүртэл иргэд асуудлаа шийдэж чадаагүй байна. Гэтэл нууц захирамжаар 1000 орчим газар олгосон нь анхаарал их татаж байна.
Хэн бүхэнд нээлттэй egazar.gov.mn хаягаар орж харахад Ж.Алдаржавхлангийн нууцаар гаргасан захирамж, олгосон газруудын мэдээллийг харж болно. Иргэдээс өргөдөл авахгүй атлаа хэзээ, ямар шалгуураар хэнд ийм их хэмжээний газар олгов? Арай Ж.Алдаржавхлан зориудаар иргэдийг жил сараар туйлдуулж хясан боож байгаад гарын үсгээ шаглаж авлигал авдаг юм биш биз гэх хардалт төрж байна. Түүнчлэн иргэдтэй уулзаж, хүлээж авахгүй зугтаадаг нь учиртай.
Газрын хуулинд 15 хоногт захирамж гаргах үүрэгтэй гэж заасан байдаг. Харин хуулийг засаг ноён мөрддөггүй, харин ч үл тоодог аж.
Төрийн байгууллагуудыг яаралтай иргэдэд цахимаар үйлчилгээ үзүүлж үйлчилгээгээ шилэн болгохыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар байнга шаардаж байхад ХУД-ийн засаг дарга Ж.Алдаржавхлан эсрэгээрээ иргэдээс өргөдөл авахгүй, хүнд суртал, чирэгдэл, гацаа, саад тотгор үүсгэж авилгалыг цэцэглүүлж сууна.
Хууль гэж байдаг бол хэний өргөдөл хэдэн сараар хүлээгдэж, аль даргын өргөдөл хэдхэн хоногт шийдэгдэж байгааг АТГ шалгаж, үнэн мөнийг тогтоох шаардлагатай. тиймээс газрын асуудлаар хохирсон иргэд нэгдэж хэвлэлийн хурал хийхээр болсон байна.
Ардын хүүхэд газар авч болдоггүй, Ж.Алдаржавхлангийн “ХҮН” хэд хэдээр нь газар авдаг байх болох уу?
Хаалттай, нууц бүхний ард авилгал байдаг жамтай. Газартай холбоотой маргаан, өргөдөл гомдол, авлигалын асуудал хамгийн ихээр яригддаг. Тэгвэл хаалттай хаалганы цаана ямар ашиг сонирхол явагдаж байна?, засаг дарга Ж.Алдаржавхлангийн “нууц” 5 захирамж, хэрхэн газар олгосон талаарх баримтыг дараагийн дугаарт хүргэх болно.
Үргэлжлэл бий…