Нүүр хуудасМэдээ15-19 насны охидын нас баралтын тэргүүлэх 5 шалтгааны 2-т жирэмслэлт, төрөлт, үр...

15-19 насны охидын нас баралтын тэргүүлэх 5 шалтгааны 2-т жирэмслэлт, төрөлт, үр хөндөлт орж байна

Монгол улсын нийт хүн амын 31%-ийг 10-29 насны залуучууд эзэлдэг. Өсвөр насныхны бэлгийн амьдрал, нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудал бусад насныхнаас өвөрмөц онцлогтой, бие махбод болон сэтгэл зүйн хувьд олон өөрчлөлт гарч, хувь хүн болж төлөвшин нийгэмд бэлтгэгддэг хүний хөгжлийн хамгийн чухал үе. Өсвөр насныхан амьдралын туршлагагүй, үе тэнгийнхний буруу нөлөөнд өртөмхий, бие дааж шийдвэр гаргах чадвар сул, эцэг эх насанд хүрэгчидтэй нээлттэй харилцах чадвар дутмаг, бүтээлч үйл ажиллагаанд хамрагдах орчин нөхцөл хязгаарлагдмал байдгаас эрсдэлд өртөх магадлал өндөр.

Манай улсад өсвөр насныхан, залуучууд хамгаалалтгүй бэлгийн хавьталд орох, хүчирхийлэлд өртөх зэрэг эрсдэлт зан үйлийн улмаас хүсээгүй жирэмслэлтэд өртөж улмаар үр хөндүүлэх, бэлгийн замаар дамжих халдвар авах зэрэг нөхөн үржихүйн эрүүл мэндийн бэрхшээлтэй асуудлууд тулгарч байна.

Монгол Улсын өсвөр насны охидын төрөлтийн түвшинг тухайн насны 1000 охидод харьцуулбал 26,9% байгаа нь дэлхийн дундаж болох 42,5%-аас доогуур боловч Номхон далайн баруун эргийн бүсийн дундаж болох 14,4%-аас өндөр үзүүлэлт юм. 2024 оны хоёрдугаар сарын байдлаар нийт төрөлтийн 1,9% нь өсвөр насны охид байна.

2023 оны байдлаар нийт үр хөндөлтийн 4,2%-ийг 20-оос доош насны охидын үр хөндөлт эзэлж байна. Өсвөр үеийн клиникт 2017-2021 онд хандаж тусламж үйлчилгээ авсан жирэмсэн охидын 14,4-25,7% нь бэлгийн хүчирхийллийн улмаас жирэмсэн болжээ. 15 наснаас доош 10 эмэгтэй тутмын нэг нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн байна. Хамгийн түгээмэл хүчирхийлэл үйлдэгчид гэр бүлийн гишүүд байх тохиолдол 29,5% байдаг.

15-19 насны охидын нас баралтын тэргүүлэх таван шалтгааны хоёрт жирэмслэлт, төрөлт, үр хөндөлт ордог бол гуравт амиа хорлолт орж байна. Өсвөр үе, залуучуудын нас баралтын дунд амиа хорлолт тэргүүлж байгаагаас дийлэнх нь эрэгтэйчүүд. Амиа хорлон эндсэн 10-14 насныхны 66,7%, 15-19 насныхан 72,1% эрэгтэй байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН