Нүүр хуудасМэдээ2018 оны 7 сард 103 минутын турш сар бүтэн хиртэнэ

2018 оны 7 сард 103 минутын турш сар бүтэн хиртэнэ

Өчигдөр гариг эрхсийн нэгэн ховор үзэгдэл тохиов. Энэ үдэш манай дэлхийн дагуул Сар дэлхийд хамгийн ойр цэгт хүрнэ. Энэ үзэгдлийг “супер” сар ч гэж нэрлэдэг. Мөн энэ өдөр сар бүтэн хиртэнэ. Сар дэлхийн сүүдэрт бүтэн 77 минутын турш байрлана. Түүнчлэн тэргэл буюу “цэнхэр” сартай өдөр.

Ийнхүү “цэнхэр” сар, “супер” сар, сарны бүтэн хиртэлт гэсэн гурван үзэгдэл нэг дор давхцаж буй. Сүүлд 152 жилийн өмнө 1866 онд ийнхүү эдгээр гурван үзэгдэл давхцаж байжээ.

Зүүн Европ, Африкийн зүүн эргийн дагуу байрлах улс орнууд, Ази, Австрали, Номхон далай болон Хойд Америкийн газар нутгаас гариг эрхсийн ховор үзэгдлийг ажиглах боломжтой юм.

Сарны хиртэлттэй холбоотой сонирхолтой баримтуудыг уншигч танд хүргэж байна.

Сар хиртэлт

Сар хиртэлт гэдэг нь Сар Дэлхийн сүүдэрт орох үзэгдэл юм. Тодруулбал, Нар, Дэлхий, Сар гурав энэ дарааллаар нэг шугамд давхцах үед ажиглагдана. Тиймээс зөвхөн тэргэл сартай үдэш л сар хиртэл ажиглагдана. Сар хиртэлтийн төрөл болон үргэлжлэх хугацаа нь Сар тойрог замын огтлолцолтойгоо харьцуулахад ямар байрлалд байгаагаас хамаардаг.

Дэлхийн харцангуй бага тодорхой хэсэгт л ажиглагддаг нар хиртэлтээс ялгаатай нь сар хиртэлийг дэлхийн аль ч хэсгээс ажиглах боломжтой байдаг. Сарны хэмжээ жижиг байдгаас нарны бүтэн хиртэлт хэдхэн минут үргэлжилдэг бол сар хиртэлт хэдэн цагаар үргэлжилнэ. Мөн сар хиртэлтийн үед сар энгийн тэргэл сараас илүү хурц болдоггүй учир тусгай багаж хэрэгсэл ашиглалгүй энгийн нүдээр харахад аюулгүй байдгаараа нар хиртэлтээс ялгаатай.

Түүх

Сар хиртэхийг эртний халдейн одон орон судлаачид манай эриний өмнөх 6-5-р зуунд урьдчилан таамаглаж байжээ. Тэд “лууны үе” гэж анхлан тогтоосон байдаг. Энэ нь 6,586 хоног үргэлжлэх бөгөөд сарны болон нарны хиртэлтийн давтамжийн үе юм. Сар хиртсэн тухай анхны бодит баримт Хятадын эртний сударт дурдагдсан байдаг. Манай эриний өмнөх 1137 онд сар хиртлээ гэж тэмдэглэн үлдээжээ.

Хамгийн алдартай сарны бүтэн хиртэлт 1504 оны 3-р сарын 1-нд болжээ. Тухайн үед Америкийг нээсэн алдарт далайчин Христофор Колумб сар бүтэн хиртэхийг урьдчилан мэдэж байсан учир гариг эрхсийн энэ үзэгдлийг овжин ашиглаж чадсан байна. Өөрийн дөрөв дэх буюу сүүлийн аяллын үеэр түүний экспедици далайн хүчтэй шуурганд орж, 1503 оны зун Ямайкийн хойд эрэгт саатаж, Испаниас тусламж хүлээхээс аргагүйд хүрчээ. Анхлан Европоос авчирсан эд зүйлсээ хоол хүнсээр нутгийн иргэдтэй солилцож, багийн гишүүдээ хоолтой залгуулж байв. Гэвч 1504 оны өвлөөс эхлэн нутгийн иргэдийн авчрах хоол хүнсний хэмжээ багасчээ. Удахгүй сар бүтэн хиртэхийг урьдчилан мэдэж байсан Колумб нутгийн уугуул иргэдийн ахлагчдыг дуудаж, Испанийн бурхан уурлан хилэгнэж Ямайкчуудаас сарыг нь булаахаар болсон гэж зарласан байна. Колумбын хэлсэнчлэн Сар харанхуйлж, удалгүй тод улаан өнгөтэй болжээ. Нутгийн иргэд Колумбаас уучлал хүсч, 1504 оны 6-р сард Испани руугаа буцах хүртэл нь хоол хүнсээр түүний экспедицийг дутаагаагүй гэдэг байна.

19-р зуунд нарны болон сарны хиртэлтийг урьдчилан таамагласан каталог хэвлэгдэж байжээ. Ингэхдээ урт хугацаанд таамаглаж байсан байна. 1856 онд л гэхэд Оросын одон орон судлаач Фёдор Семёнов “1840-2001 онуудад болох нар болон сарны хиртэлтийн хүснэгт” хэвлүүлсэн байдаг. 1887 онд Австрийн одон орон судлаач Теодор Оппоцельцер “Хиртэлийн хуанли” хэвлүүлсэн нь манай эриний өмнөх 1207 оноос 2163 он хүртэлх хугацааг хамарсан байв. Орчин цагт Америкийн сансар судлалын агентлаг НАСА манай эриний өмнөх 2000 оноос манай эриний 3000 он хүртэлх хиртэлт бүрийн огноо, хугацаа, байрлал зэргийн талаарх тодорхой мэдээлэл эзэмшдэг юм.

Давтамж

Жилд дунджаар сар 2-4 удаа хиртдэг. Зарим жилд 5 удаа хиртэх нь бий, гэхдээ маш ховор. Хамгийн сүүлд 1879 онд дөрвөн удаа хагас хиртэж, нэг удаа хүрээ татан хиртэж байжээ. Дараагийн удаа 2132 онд нэг жилд таван удаа хиртэнэ.

Сүүлд 2015 оны 9-р сарын 28-нд Дэлхийн иргэд Сар бүтэн хиртэхийг ажиглажээ. 2016 болон 2017 онд тус тус хоёр удаагийн сар хиртэлт бүртгэгдсэн байна.

2018 онд хоёр удаа хиртэнэ. Ингэхдээ хоёул бүтэн хиртэлт байна. Эхнийх нь өнөөдөр тохиож байгаа бол дараагийнх 7-р сарын 27-нд болно. Ирэх 7-р сард болох сар хиртэлт 21-р зууны хамгийн удаан үргэлжлэх сар хиртэлт байх бөгөөд 103 минут үргэлжлэх юм байна. 100 минутаас илүү хугацаагаар сар хиртэх үзэгдэл нэгэн зуунд дунджаар таван удаа тохиодог: 1901 оноос хойшхи 200 гаруй жилийн хугацаанд хамгийн удаан үргэлжилсэн сар хиртэл 2000 оны 7-р сарын 16-нд бүртгэгджээ. 106,5 минут үргэлжилсэн байна.

Харин 2020 онд сар дөрвөн удаа хиртэнэ. Бүгд хагас хиртэлт байна. Мөн адил үзэгдэл сүүлд 2009 онд тохиожээ /гурван хагас, нэг хүрээ татсан хиртэлт/. Ингэснээр нэг жилд сар дөрвөн удаа хиртсэн 21-р зууны анхны үзэгдэл болсон юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН