“2022 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдөртөө багтаан иргэдийн дансанд шилжүүлэхээр болжээ. Нэгдүгээр улиралд 1,136,755 иргэнд 57.5 тэрбум төгрөгийг олгохыг” албаны эх сурвалж мэдээллээ. Харин энэ сараас эхлэн НӨАТ-ын азтан тодруулах сугалаа явуулахгүй болсныг сангийн сайд Б.Жавхлан мэдэгдсэн. Хэдийгээр сугалаа явагдахгүй болсон ч буцаан олголтын хувьд өөрчлөлт орохгүй гэдгийг ч мөн хэлээд байгаа юм.
Үүнээс гадна НӨАТ-ын буцаан олголтын мөнгөө авалгүйгээр татвараа төлөх боломжийг Татварын Ерөнхий Газар бий болгосон. Энэ оны нэгдүгээр улиралд л гэхэд үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын 3,743 иргэний 352.6 сая төгрөг, газрын албан татвар 48,343 иргэний 24.4 сая төгрөг, галт зэвсгийн албан татвар 3,801 иргэний 142.8 сая төгрөг, газрын төлбөр 5,310 иргэний 59.9 сая төгрөг, газрын төлбөр-дэд алба 111,057 иргэний 760.8 сая төгрөг, авто тээвэр, өөрөө явагч хэрэгслийн татвар 37,796 иргэний 1.3 тэрбум төгрөг, автын агаарын бохирдлын төлбөр 32,388 иргэний 100 сая төгрөг, зам ашигласны төлбөр 26,856 иргэний 512.9 сая төгрөг төлөхөөр нэхэмжилжээ. Улмаар 43,612 иргэн буцаан олголтоороо хөрөнгийн татвараа төлсөн байна.