Монгол Улсын 2025 оны төсвийн гол онцлог нь бүсчилсэн хөгжилд тулгуурласан дэд бүтцийн сэргэлтийн жилүүдийг эхлэл байна гэж Засгийн газар үзэж байгаа.
“Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгасан бүсүүдийн авто зам, эрчим хүч, дэд бүтцийн хөгжлийн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэхэд улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаад зээл, тусламжийн 6.9 их наяд төгрөг төлөвлөжээ. Үүний 24 хувь буюу 1.6 их наяд төгрөг нь зам тээврийн, 8 хувь буюу 0.6 их наяд төгрөг эрчим хүчний, 11 хувь буюу 0.7 их наяд төгрөг нь инженерийн дэд бүтцийн, үлдсэн нь бусад салбарт хэрэгжих юм.
Засгийн газар өнгөрсөн онд сургууль, цэцэрлэг гэх мэт нийгмийн чиглэлийн дэд бүтцэд анхаарлаа хандуулж байсан бол эдгээр төслийн дуусаагүйг үргэлжлүүлж, зам, эрчим хүч, дулаан гэх мэт эдийн засгийг өсгөж, тэлэх бүтцээ өргөжүүлэх зорилготой төсөв өргөн барьжээ.
Татварын бодлогоор баялаг бүтээгч, хувийн хэвшлийн үйлдвэрлэлээ дэмжихийг Сангийн сайд онцлоод, “Ингэхдээ бүх салбарын боловсруулах чиглэлийг дараагийн шатны тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжинэ. Төсвийн хөрөнгө оруулалтын ачааллыг багасгаж, бодлогын хөрөнгө оруулна. Тухайн аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалтын зардлыг татвараас чөлөөлнө” хэмээв.
Төрийн өмчийн газарт бүртгэлтэй 110, орон нутгийн төсөв, төрийн оролцоотой 500 гаруй аж ахуйн нэгжид олон улсын үнэлгээний байгууллагаар аудит хийлгэж, стратегийн хувьд том аж ахуйн нэгжийг ХК болгон үргэлжлүүлэх, эдийн засаг, нийгмийн ач холбогдлыг нь сайжруулж ХК болгон үйл ажиллагааг нь тогтворжуулах, мөн татан буулгах арга хэмжээ авах аж.
Түүнчлэн, ирэх оны төсөвт тусгаад буй, нийслэлийн төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг багасгах “Хөшигийн хөндийн туннел”, “Өөдөө тэмүүлэх Монгол” ган татлагат гүүрэн байгууламж” зэрэг 10 гаруй төслийг танилцуулсан юм.
Засгийн газрын нэг цэгийн үйлчилгээний цогцолборын барилга угсралтын ажилд 210 тэрбум, АНУ-ын Мянганы сорилтын сангийн санхүүжилтээр хэрэгжиж буй Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэх төслийн ус гүн цэвэршүүлэх байгууламж, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн барилга угсралтын ажилд 202 тэрбум төгрөгийг тусган санхүүжүүлэхээс гадна хоногт 250,000 м3 ус цэвэрлэх хүчин чадалтай “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж”-ийн барилга угсралтын ажилд 80 тэрбум төгрөгийг 2025 онд тусгажээ. Төвлөрлийг шийдэх зорилгоор “Хөшигийн хөндий-Шинэ Зуунмод хот”-ын дэд бүтэц, 500 мянган хүн амын төлөвлөлт бүхий “Шинэ Хархорум хот” төслийн судалгаа, ТЭЗҮ, зураг төсөлд шаардагдах санхүүжилтийг шийдсэн байна.
Бүсүүдийн эдийн засгийн эргэлтийг дэмжихийн тулд аймгийн төвүүдийг хооронд нь, мөн хилийн боомттой холбосон бүсчилсэн хөгжлийн “Таван тойрог” авто замын ажлыг өрнүүлэх аж. Ирэх 2025 онд 2,120.9 км авто замыг шинээр барихаар төлөвлөсөн бөгөөд үүнд аймгийг аймагтай холбох 1079.7 км, аймгуудыг боомттой холбох 708.6 км, аялал, жуулчлалын 332.6 км авто зам барихаар тооцжээ.