Нүүр хуудасНийтлэлЭдийн дээд хадаг барих ёс уламжлал

Эдийн дээд хадаг барих ёс уламжлал

Монгол түмний уламжлалт баяр ёслолын нэг цагаан сарын баяртай холбоотой олон ёс уламжлал бий. Цагаан сартай холбоотой ёс уламжлалуудын учир утга, бэлгэдэл, үүсэл гарлын талаарх танин мэдэхүйн мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

Хадаг

Монголчууд хадгийг “эдийн дээд” хэмээн эрхэмлэн хүндэлдэг. Хадаг нь Монголчуудын хувьд ямар бэлгэдэл агуулгатай эд болохыг сонирхуулъя.

Хадагны гарал үүсэлХадагний гарал үүслийн талаар олон янзын таамаг судалгаа байдаг. Тухайлбал эрдэмтэн судлаач Ц. Гочоо “Монгол эдийн дээж хадаг” хэмээх номондоо “Хадгийг Энэтхэг уран Бишүү-Гарма мяндсаар хийсэн мэтээр 14-р зууны үеийн монголын”Хонжин дэвтэр” гэдэгт тэмдэглэжээ.
Уран бишүү гармаа МЭӨ 6-р зууны хүн болох тул хадгийг хийсэн он цагийг тоймлож болмоор байна.” Хэмээн тэмдэглэжээ.  Харин Энэтхэгийн Лосолин дацангаас эрхлэн гаргасан “Сайн оюунт тааллийн чимэг үзэсгэлэнт сувдан эрх” цувралийн 47-р дэвтэрт Хадаг нь өлзий хутгийн шүтэн барилдлагыг бэлгэдсэн эд юм. Анхлан үүсэхдээ “үлэмж ариун цагаан сэтгэл”-ийг бэлгэдэж үүссэн гэдэг.

Хадаг хэмээх нэрийн утга Монголоор “хадаг”, Төвдийн “хада”, хятадаар “харимж” гэсэн утгатай үг юм.  Нууц товчоонд хадаг нэрээр гардаггүй бөгөөд хэв гэсэн утгаар монголчууд анх хэрэглэж байсан. Иймд хадаг Энэтхэгт үүсч 13-р зууны үед Хятад, Төвдөөр дамжин Монголд нэвтэрсэн бололтой. Хожим нь Түвдийн хадаг гэсэн нэрийг авч хэрэглэсэн байна.

Хадагний билэгдлийн тухайд: Монголчууд Хадгийг тэнгэрээс гаралтай ертөнцөд байдаггүй эд учир өнгө нь үүрийн цагаан гэгээ татах үеийн тэнгэрийн хаяаны өнгийг жинхэнэ тэнгэрийн өнгө гэж үзэж түүнтэй адил өнгөтэй хадгийг хэрэглэж байсан байна. Тэнгэрийн эд учраас хөнгөн, зөөлөн, уян бас бат бөх чанарыг бэлэгдэн ертөнцөд түүнээс илүү эд байхгүй байх билэгдлийг агуулан хэрэглэж байжээ. Мөн мөнгөн енбү, мөнгөний үндсэн өнгөөр билэгтэй мөнгөтөй зүйрлэн хүндэтгэж алхаж гишгэх доор газар тавихийг хориглож байжээ. Хадаг хэмээх нэрийн утга нь бурхан шүтээн, багш дээдсийн хөрөг, тэргүүтэнд тахих, тахилын шүтээнд мөргөх үед амгалан жаргалан, даатгах, мэнд амар мэдэх гэсэн утгатай бөгөөд тэр утгын дотоод сэтгэл нь хиргүй цагаан, торго мэт ариун бэлгэдлийг өргөхийн бэлгэдлээр нь харамж өргөх гэсэн утгыг илэрхийлдэг.

Хадагний өнгө: Хадаг нь таван өнгө бий.  Монголчууд цэнхэр өнгийн хадгийг тэнгэрийн эд хэмээн бэлэгшээж түлхүү эдэлж хэрэглэдэг. Харин таван өнгийн хадгийг гэртээ хадгалах нь буянаа тогтоох, баян чинээлэг, гай барцадгүй амар түвшин явахыг бэлэгддэг байна.

Таван өнгийн хадаг ямар зан үйлийг билэгддэг вэ?
Таван өнгийн хадгийг хадгалах нь буянаа тогтоож эдээр баян, аж амьдрал чинээлэг, гай барцадгүй, гарз хохиролгүй, энх тайван, амар түвшин явахыг билэгддэг.

Цэнхэр хадаг нь: Мөнх тэнгэрийн өнгө, энх тайван амар амгалангийн билэгдэл,
Улаан хадаг нь: Гал голомт улам асч бадран дээшлэн дээшлэхийн билэгдэл,
Цагаан хадаг нь: Эхийн сүүний өнгөтэй, ариун цагаан сэтгэлтэй, бодь сэтгэлтэй, өглөгч буянтайн билэгдэл,
Шар хадаг нь: Аливаа муу бүхнийг зайлуулж, бурхан шашнаа дээдлэхийн билэгдэл,
Ногоон хадаг нь: Дэлгэрэн арвижихын билэгдлээр таван өнгийн хадгийг аргамжаа, элдсэн сур, усгүй хар архины хамт хадгалдаг.

Хадаг барих ёс:  Хадгийг барихдаа хадагныхаа задгай амыг өгөх хүн рүүгээ харуулж барьдаг. Энэ нь “Ариун сайхан сэттэлийн үүднээс барьж байгаа бэлэг нь танд өлзий болог” гэсэн утгатай. Хадаг авч байгаа хүн хоёр гардан авч хадагны толгой талыг баруун гар дээрээ тавьж, баруун гар талыг зүүн гар дээрээ нугалан эвхэнэ. Нанжвандантай хадгийг ямар ч хүнд барьдаггүй ба зөвхөн хүн нутаглуулах, оршуулах газар гуйхад хэрэглэнэ. Хадаг барьж золгох ёсонд дүү хүн нь ах хүндээ хадгаа бүрмөсөн өгөөд золгодог бол, хадагтай золгох ёсонд хадгаа хүнд өгдөггүй ямагт өөртөө авч байдаг. Хадагтай золгоно гэдэг нь хадагныхаа нэг үзүүрээс баруун гарынхаа ядам хурууг дотор талаас нь нар зөв хоёр ороогоод чигчий хуруутай тал руу доош унжуулна. Золгох үедээ унжиж буй хадгаа хүний гар дээр тавьдаггүй ёстой.

Хадгийг өглөг, буяны журмаар барихаас гадна бусдаас ямар нэг зүйл хүсэх, тусламж эрэх хүслээ илэрхийлэн гуйж хадаг барьдаг ёс бий. Хүнээр ая бариулж дуу дуулуулах, ерөөл хэлүүлэх, ажил төрөлөө бүтээлгэх, бэр гуйх зэрэгт хадаг барьдаг.

Монголчууд адуун сүргээ онцлон хүндэтгэж ууган унаганд хадаг уях ёс бий. Мөн мал сэтэрлэхдээ хадаг уядаг ёстой. Багш лам, ихэс дээдэс, хутагт хувилгаадын мутрын тэмдэг дарсан, самбай хадгийг хамгийн их хадаг гэж дээдлэх бөгөөд бурхандаа өргөсөн хадгийг тус тус дээдлэн даллагын суманд уяж хадаглана.

Хадаг барихад хэлэх үг

Цаглашгүй урт наст ариун хадаг
Тэгш эрхийн тэнгэрээс цэцэглэсэн
Дэлгэрэнгүй урт наст ариун цагаан хадаг
Идээний дээж элгэн цагаан тараг
Эдийн дээж ариун цагаан хадаг
Хадаг барьж золгохсон /хадгаа барьж золгоно/

Өндөр настай буюу нутаг усандаа нэртэй хүмүүст хадаг барьж золгох ёс байдаг. Дүү хүн хадгаа гаргаж амыг нь золгох хүн тийш харуулж хоёр гардан барьсаар золгож буй хүний хоёр гар дээр тавьсны дараа золгоно. Хадаг авч байгаа хүн хадгаа хавсран хураагаад мөн хадагтайгаа золгож ч болно. Хадаг тавьж буй хүн хадгаараа бүх хурууг бүтээж болохгүй. Хадгаа эрхий хуруунд нь тулгаж алганд нь багтааж тавина. Хадгаа тавихдаа мэнд мэдэж болохгүй. Хадгаа тавьчихаад золгохдоо мэндээ мэднэ.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН