Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр /2026.05.19/-ийн хуралдаанаар хийлээ. Монгол Улсын хүн амын тоог өсгөх зорилгоор 1957 оноос “Алдарт эх”-ийн одонг олгож эхэлсэн. Хэлэлцэж буй хуулийн төсөлд тус одонг олгохтой холбоотой өөрчлөлт орж байгаа тул байнгын хорооны гишүүд “Алдарт эх”-ийн одонтой ээжүүдэд жил бүр олгодог урамшуулал болон төсөв нэмэгдэх эсэх, үрчилж авсан хүүхдийн тоог харгалзах зэрэг асуудлаар тодруулга авсан. Мөн эцэг, эхчүүдийн хариуцлагыг сайжруулах, холбогдох журмыг тодорхой болгох, гэр бүлийн тухай хуультай уялдах шаардлагатай талаар саналаа хэллээ.
- Үргэлжлүүлэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд даатгуулагч, ажил олгогчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигчийн мэдлэг, мэргэшил, ур чадвар, ёс зүй, туршлагын талаар Хараат бус шинжээч томилох тухай байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, дэмжив.
- Мөн Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон 2025 оны УИХ-ын шийдвэрийн биелэлтийн тайланг ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр танилцуулав. Тус байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд 56 шийдвэрийн 289 заалтын биелэлтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийхэд хэрэгжилт 70.4 хувьтай үнэлэгджээ.
- Тайлантай холбоотой гишүүдийн зүгээс УИХ-аас гарч байгаа хууль, тогтоолын төслийн хэрэгжилт хангалтгүй байгааг шүүмжилж, хэрэгжүүлэх үүрэгтэй төрийн байгууллагуудад хариуцлагын тогтолцоог бий болгох, хоорондын уялдааг сайжруулах, хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах шаардлагатай зэрэг саналуудыг хэлэв.





