Нүүр хуудасМэдээМАН-ЫН БҮЛЭГ: Бор нуур сум 2700 га талбайд үр тариа, хүнсний ногоо...

МАН-ЫН БҮЛЭГ: Бор нуур сум 2700 га талбайд үр тариа, хүнсний ногоо тариалжээ

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал Төв аймгийн Борнуур суманд ажиллаж, тэжээлийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцан газар тариалан эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзав.

“Борнуур тэжээл” үйлдвэр нь 2024 онд ашиглалтад орсон бөгөөд цагт 1-1,5 тн малын тэжээл үйлдвэрлэж байна. Түүхий эд болох солом, тэжээлийн буудай, арвай, овъёос, байгалийн ургамал, хадлан зэргийг орон нутгийн болон зэргэлдээ сумдын тариаланчдаас авдаг ажээ.

Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн хүчит тэжээлээ нутгийн малчид, үхрийн фермийн аж ахуй эрхлэгчид, онцгой байдлын газарт нийлүүлдэг. Цаашид үйлдвэрийн хүчин чадлаа сайжруулж, агуулах сав, барилга байгууламжаа нэмэгдүүлэхээр ажиллаж байгаагаа үйлдвэрийн удирдлагууд хэлсэн юм.

Үүний дараа төмс, хүнсний ногоо тариалагч иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзлаа. Борнуур сум нийт 2700 га-д үр тариа, төмс хүнсний ногоо тариалжээ. Тухайлбал, 1500 га-д тэжээлийн ургамал, 120 га-д үр тариа, 560 га-д төмс, 430 га-д байцаа, манжин, лууван, сонгино зэрэг хүнсний ногоо тарьсан байна. Энэ жил хур бороо элбэгтэй цаг агаар ивээсэн сайхан жил болж байгаа талаар тариан эрхлэгчид хэлж байв.

Ургац хураалтын үйл явц болон салбарт тулгамдаж буй асуудлуудаар санал солилцох үеэр шатахууны тасалдал хүндрэлийг шийдвэрлэх, ажиллах хүчний дутагдлыг нөхөж хүн хүчийг оновчтой зохион байгуулах, сумын 920 га услалтын системийн засвар, шинэчлэлд анхаарлаа хандуулах зэрэг санал хүсэлтийг хэллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН