Нүүр хуудасМэдээЭдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн БНХАУ-ын Ляонин мужийн Намын хорооны дарга...

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн БНХАУ-ын Ляонин мужийн Намын хорооны дарга Шү Куньлинь тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа

Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ляонин мужийн Намын хорооны дарга Шү Куньлинь, мужийн захирагч Ван Шиньвэй тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, Монгол Улс, Ляонин муж хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

Уулзалтын үеэр С.Даваасүрэн дэд сайд Монгол Улс, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын тохиролцсон хоёр улсын худалдааны эргэлтийг 30 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хэрэгжүүлэхэд дэд бүтцийн холболтыг сайжруулах нь чухал ач холбогдолтойг онцлов.

Түүнчлэн Дэд сайдын зүгээс Монгол Улс, Ляонин мужийн хамтын ажиллагааг сэргээгдэх эрчим хүч, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт өргөжүүлэх нөөц бололцоо байгааг онцолж, эдгээр чиглэлээр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих, хөрөнгө оруулалт болон хамтарсан төслүүдийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатайг дурдлаа.

Ляонин мужийн Намын хорооны дарга Шү Куньлинь мужийн эдийн засгийн онцлогийг танилцуулж, “Ляонин олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын үзэсгэлэн” долоо дахь жилдээ, “Ляонин мужийн экспортын үзэсгэлэн” гурав дахь жилдээ зохион байгуулагдаж, Монгол Улс болон Ляонин мужийн аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгааг онцолсон юм.

Мөн Ляонин мужийн зүгээс дээд түвшний хамтын ажиллагааг бэхжүүлэх, дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүч, мал аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх түүнчлэн хүмүүнлэгийн салбарын солилцоог нэмэгдүүлэх зэрэг тодорхой саналуудыг дэвшүүлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН