“Рио Тинто Монгол” ХХК Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун жигүүрт 10.2 га талбайд Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнг байгуулж, 2024 онд үүд хаалгаа нээсэн. Тус компани цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг хоёр жилийн хугацаанд хариуцан ажиллаад нийслэлд албан ёсоор хүлээлгэн өглөө.
“Рио Тинто Монгол” ХХК энэхүү бүтээн байгуулалтын хүрээнд задгай театр, хүүхдийн тоглоомын талбай, иргэдийн тухлах сандал, сүүдрэвч болон өөрөө өөрийгөө нөхөн сэргээх чадвартай усалгааны бүрэн систем, цөөрөм зэрэг иж бүрэн тохижилтыг хийж, 40 мянга гаруй мод бутыг тарьж ургуулан, талбайг зүлэгжүүлжээ. Уг цэцэрлэгт хүрээлэнгийн зураг төсөлд нийслэлийн оршин суугчдаас санал авч тусгаснаараа онцлогтой. Түүнчлэн олон улсын ногоон паркийн стандарт шаардлагуудыг хангаж, энэ салбарт хамгийн нэр хүндтэй “Green Flag Award”-ийг хүртсэн билээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлчүүдийн чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэх нэгэн сайхан ногоон орчин бол “Рио Тинто Монгол” ХХК-ийн байгуулсан Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэн юм. 2024 онд тус цэцэрлэгт хүрээлэн ашиглалтад орсноос хойш “Рио Тинто Монгол” ХХК арчилгаа, хамгаалалт, үйлчилгээ, цэвэрлэгээг нь хариуцаж ирсэн. Ингээд гэрээний дагуу 11 дүгээр сарын 1-ээс эхлэн Улаанбаатар хотын захиргаа паркийг хариуцан ажиллахаар боллоо. Бид цаашид энэ паркийн одоогийн өнгө төрхийг алдагдуулалгүйгээр, үнэ цэнийг хадгалан арчилж, тордон хөгжүүлнэ. Энэ ногоон орон зайг бүтээн байгуулж, өнгөрсөн хугацаанд хариуцаж ирсэн “Рио Тинто Монгол” компанийн хамт олонд нийслэлчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье. Бид хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлж, иргэдэд хүртээмжтэй орон зайг олноор бий болгохоор төлөвлөн ажиллаж байна. Тухайлбал, 42 байршилд ногоон байгууламж байгуулна. Түүнчлэн 2027 онд “Рио Тинто Монгол” компанитай хамтран дунд хэмжээний цэцэрлэгт хүрээлэнг гэр хорооллын бүсэд хоёр байршилд байгуулна” гэлээ.













