Нүүр хуудасМэдээМАН-ЫН БҮЛЭГ: ЭЗБХ: Статистик, дулаан хангамжийн хуулиудыг шинэчилнэ

МАН-ЫН БҮЛЭГ: ЭЗБХ: Статистик, дулаан хангамжийн хуулиудыг шинэчилнэ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны /2026.10.14/-ийн хуралдааны эхэнд Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг байнгын хорооны гишүүдийн олонхийн саналаар дэмжлээ.

Шинэчилсэн найруулгын төслөөр статистикийн мэдээллийн хэлбэр, үзүүлэлт, мэдээллийн нэгдсэн сан, нууцлал, аюулгүй байдал, статистикийн үйл ажиллагааны хараат бус байдлын баталгаа зэрэг зохицуулалтыг тусгажээ.

Үргэлжлүүлэн, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэн дэмжив. Уг хуулийг 1995 онд анх баталж, 2017 онд шинэчлэн найруулжээ.

Монгол Улсад одоогийн байдлаар 6657 стандарт хүчин төгөлдөр байгаагийн 46,3 хувь нь олон улсын стандартад нийцдэг судалгаа бий. Стандартыг “сонгон” хэрэглэх гэж одоогийн хуульд тусгасан нь иргэдийг төөрөгдүүлж байгаа тул стандартыг сонгох, биелүүлэх эрх үүргийг хангаж хуулийг шинэчлэн боловсруулсан хэмээн хууль санаачлагчид тайлбарлаж байв.

Хуралдааны төгсгөлд Дулаан хангамжийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэн дэмжсэн. Хуулийн төслийн зорилго нь дулаан хангамжийн системийг найдвартай, аюулгүй, үр ашигтай, байгаль орчинд ээлтэй байдлаар хөгжүүлэх замаар иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн баталгааг хангахад чиглэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН