Төсвийн байнгын хорооны /2026.10.14/-ийн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааны хууль тогтоомжийн хэрэгжилт, ил тод байдал, шударга өрсөлдөөнийг хангах, худалдан авах ажиллагаанд гарч буй хууль зөрчсөн ашиг сонирхлын зөрчил бүхий үйл ажиллагаа, тогтолцооны доголдлыг хэлэлцэн үнэлэх “Ерөнхий хяналтын сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж 61,1 хувийн саналаар дэмжлээ.
Үргэлжлүүлэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээс эцсийн хэлэлцүүлэгрүү шилжүүлж чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон юм.
Хуралдааны төгсгөлд Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Хууль санаачлагчид ирэх жилийн төсвийн бодлого иргэдийн бодит орлого, нийгмийн баталгааг хамгаалах, төрийн албан хаагчдын цалин, ахмад настны тэтгэврийг үнийн өсөлттэй уялдуулан нэмэгдүүлэх, төвлөрсөн зарим чиг үүргийг төсвийн хамт орон нутагт шилжүүлж, төвлөрлийг сааруулахад чиглэнэ гэв. Гишүүд төсвийн орлого бүрдүүлэлт, хөрөнгө оруулалт, валютын нөөц, ноогдол ашгийн хуваарилалт, арьс ширний үйлдвэр, дулааны станц, авто замын бүтээн байгуулалт, мөнгөний бодлого, банкны зээлийн хүү, төр, хувийн хэвшлийн байгууллагуудад олгох татаасны талаар асуулт асууж хариулт авлаа.





