Уулзалтаар хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эмийн зохицуулалтын тогтолцоог бэхжүүлэх, цахим эрүүл мэндийг хөгжүүлэх зэрэг чиглэлийн хүрээнд санал солилцов.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Бүгд Найрамдах Индонез Улсын Хүнс, эмийн хяналтын агентлаг нь 2025 онд вакцины зохицуулалтын чиглэлээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүлээн зөвшөөрөгдсөн жагсаалтад багтсан нь тус улсын хувьд чухал амжилт болсныг онцолж, хоёр улсын эмийн зохицуулалтын асуудал хариуцсан байгууллагуудын хооронд техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.Цахим эрүүл мэнд нь хоёр улсын хамтын ажиллагааны нэгэн тэргүүлэх чиглэл болохыг тэмдэглэж, индонезийн Үндэсний эрүүл мэндийн мэдээлэл солилцооны платформыг хөгжүүлсэн туршлагыг судалж, хамтран ажиллах саналыг тавив.
Бүгд Найрамдах Индонез Улсын Эрүүл мэндийн сайд Буди Гунади Садикин хэлэхдээ цахим эрүүл мэнд, эм, вакцины зохицуулалтын чиглэлээр дэмжлэг үзүүлэн ажиллахад бэлэн болохыг тэмдэглэж, дээрх чиглэлүүдээр монголын мэргэжлийн багийг ойрын хугацаанд урьж, өөрсдийн туршлагаас хуваалцахаа нотлов.
Уулзалтын төгсгөлд “Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Бүгд Найрамдах Индонез Улсын Эрүүл мэндийн яамд хоорондын Эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зуран баталгаажуулав.
Талууд Санамж бичгийг бодит ажил хэрэг болгохын тулд хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл бүрээр тодорхой арга хэмжээ төлөвлөх, хариуцсан байгууллагууд болон холбоо барих цэгүүдийг томилох, хэрэгжилтийг хянах механизм бүрдүүлэх, тодорхой үүрэг хариуцлага, хугацааг тохиролцох нь чухал болохыг онцлов.





