Нүүр хуудасМэдээМАН-ЫН БҮЛЭГ: Улаан буудай, хүнсний ногоо, сүү, арьс шир, ноосны урамшуулалд 54.7...

МАН-ЫН БҮЛЭГ: Улаан буудай, хүнсний ногоо, сүү, арьс шир, ноосны урамшуулалд 54.7 тэрбум төгрөг олгоно

  • Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдөр /2026.10.22/-ийн хуралдааны эхэнд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтээ Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэв.
  • Үргэлжлүүлэн, 2027 оны төсвийн тухай хуулиудын гурав дахь хэлэлцүүлгийг хийсэн. Байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах, байгалийн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, ойжуулалт, хөнөөлт шавжтай тэмцэх, тусгай хамгаалалттай газар нутгийг нэмэгдүүлэх, биологийн олон янз байдал, усны нөөцийг хамгаалах, цөлжилт газрын доройтлыг бууруулах ажлыг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Тухайлбал, цөлжилт газрын доройтлыг бууруулахад 2 тэрбум төгрөг, усны чиглэлээр 7 арга хэмжээ хэрэгжүүлэхэд 35,4 тэрбум төгрөг зарцуулахаар тусгажээ.
  • Мөн хүнсний хангамжийг тогтворжуулж газар тариалан болон хөнгөн үйлдвэрлэлийг дэмжин улаан буудай, хүнсний ногоо, сүү, арьс шир, ноосны урамшуулалд 54,7 тэрбум төгрөг олгоно гэдгийг хууль санаачлагчид тайлбарлав. Байнгын хорооны гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбоотой асуулт асууж үг хэлсний дараа зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулсан бөгөөд санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.
  • Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу өвөлжилтийн бэлтгэл ажил, цаг үеийн асуудлаар салбарын сайд мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат “Өнгөрсөн зун 76,9 сая толгой мал зуссан бол 65,8 сая толгой мал өвөлжиж хаваржихаар байна. Энэ өвөл малчид 15,1 сая толгой мал мах бэлтгэлд нийлүүлэх урьдчилсан тооцоо хийсэн. Цаашид бэлчээрийн даацыг тэнцвэржүүлэх, малчид хоршиж өвс тэжээл бэлтгэх хөтөлбөрийг дэмжин ажиллах бөгөөд салбарын төсөл хөтөлбөрийг зөв эрэмбэлж хөрөнгө оруулалтаа зарцуулна” гэлээ.
  • Байнгын хорооны гишүүд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт (2008 оноос хойших хугацаанд) төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт сэдэвт ерөнхий хяналтын сонсголын тайлан, санал, дүгнэлтийг сонслоо. Тайланд 1,1 их наяд төгрөгийн дэмжлэг урамшуулалд 1,6 сая иргэн, ААН хамрагдсан ч үр дүнг үнэлэх боломжгүй байсныг дурдаад эрсдэлийг тооцох, мэдээллийг нэгтгэх, хугацаа хэтэрсэн өр авлагыг барагдуулахад анхаарах шаардлагатайг онцолж байна. Засгийн газарт чиглэл өгөх байнгын хорооны тогтоолын төслийг 57,4 хувиар дэмжиж, сонсголын тайланг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
  • Хуралдааны төгсгөлд Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж тавьсан асуулгын хариуг хэлэлцлээ. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2002 оны 6 дугаар сарын 27-нд батлагдсан бөгөөд 2028 оны 5 дугаар сарын 1 хүртэл дагаж мөрдөнө.

Өнгөрөгч 2025 оны жилийн эцсийн байдлаар 738,135 иргэнд 73.6 мянган га газар өмчлөх эрхийг баталгаажуулжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН