Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 387 жилийн ойн баярыг тохиолдуулан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Ихбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, хотын үе үеийн удирдлагууд, иргэдийн төлөөлөл нийслэлийн түүхэн нүүдлийг мөнхжүүлсэн Гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө. Их хүрээ 1778 онд сүүлчийн нүүдлээ хийж, өнөөгийн Улаанбаатар хот оршин буй Алтан тэвшийн хөндийн Хүн чулууны хонхорт суурьшсан түүхэн үйл явдлыг дурсах зорилгоор уг гэрэлт хөшөөг босгожээ.

Хүндэтгэлийн ёслолыг НИТХ-ын дарга Д.Ихбаяр нээж хэлсэн үгэндээ, нийслэлийн түүх бол Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн түүхэн замналын салшгүй хэсэг болохыг онцлоод, Монголын эзэнт гүрний нийслэл Хархорумаас эхлэн Нийслэл Хүрээ, өнөөгийн Улаанбаатар хот хүртэлх түүхэн замнал нь монголчуудын төрт ёс, эрх чөлөө тусгаар тогтнолын түүхийг илэрхийлдгийг тэмдэглэлээ.
Мөн хотын түүх зөвхөн өнгөрсөн үеийн баримт, дурсамжаар хязгаарлагдахгүй, харин нийслэлчүүдийн өдөр тутмын үйл хэрэг, хамтын оролцоо, бүтээн байгуулалтаар үргэлжлэн бичигддэг амьд түүх болохыг онцлов. Түүнчлэн нийслэлийн иргэдийн хамтын үнэт зүйл нь цэвэр, аюулгүй, ая тухтай орчинд амьдрах, ирээдүй хойч үедээ илүү сайхан хот өвлүүлэн үлдээх явдал гэдгийг тэмдэглээд, энэхүү зорилгыг бодит ажил, тодорхой үр дүнд хүргэхэд иргэн бүрийн оролцоо, санаачилга чухал болохыг илэрхийллээ.
Үүний дараа Эзэн Богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Монгол Улсын төрийн далбаа болон нийслэлийн тугийг мандуулах ёслол боллоо.





